Будаа, элсэн чихэр зэрэг манайд түүхий эд нь байдаггүй хүнсний бүтээгдэхүүнээс бусдыг бид өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болсон. Хүнс, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Эх орны хүнс, эрүүл хүнс” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, үндэсний аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг иргэдэд танилцуулав. Маргааш өндөрлөх уг өдөрлөгт “Талх чихэр”, “Дэвшил трейд”, “Атар өргөө” зэрэг 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, стандартын шаардлага хангасан хүнсний ногоо, нарийн боов, мах, сүүн бүтээгдэхүүнээ сурталчилж буй юм.

“Хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг нь зөвхөн хяналтын байгууллагын үүрэг биш, үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдийн ч үүрэг мөн” гэж Мэргэжлийн хяналтын газрынхан энэ үеэр онцолж байв. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын аяны хүрээнд уг өдөрлөгийг зохион байгуулж буй бөгөөд тус газраас Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд мэдээлж байгаа юм. Мөн гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгож, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг олж авахад хэрэглэгчдэд туслах нь өдөрлөгийн ач холбогдол аж.

Мэргэжилтнүүд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг нь хэрхэн унших, хүнсний нэмэлтгүй, эрүүл бүтээгдэхүүн сонгох талаар зөвлөгөө өгч байв. Зөвхөн өдөрлөгийн үеэр бус цаашид ч хүнсний аюулгүй байдлыг хангахад дээрх хоёр байгууллага хамтран ажиллах болжээ. ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Даваадулам “Энэ удаагийн үйл ажиллагаа зөвхөн үзэсгэлэн худалдаа бус, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хууль журмаа сурталчлахын зэрэгцээ хэрхэн эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагаа олон нийтэд таниулж байна.
Манайхан хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолдог гэж ярьдаг. Сүүлийн жилүүдэд хүнсний хэрэглээний түвшин нэлээд өөрчлөгдсөн. Энэ салбарт 1500 орчим аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулж байгаа. Хэрэглэгчид ч дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болсон учир өдгөө 70 хувь гэдэг тоо нэлээд багассан гэж үзэж болно. Гэхдээ одоогоор энэ талаар нарийн судалгаа хийсэн газар алга” гэв.
Ч.МӨНХЗУЛ