Булган аймагт 2012 онд гарсан хүн амины хэргийн талаар талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийв. Хэрэг гараад хэдий гурван жил болж байгаа ч шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй, илэрхий нэг талд үйлчилж байна гэж тэд үзэж буй аж. Хуралд талийгаачийн ээж болон хүргэн ах Д.Лхагважав, хуульч Д. Хувьтөгөлдөр нар оролцсон юм. Д.Лхагважав “2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт О.Бат-Өлзий, Б.Отгонцэцэг (талийгаач) хоёр мотоцикльтой явж байгаад осолдсон.
О.Бат-Өлзий согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Отгонцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулиар хоёр жил хорих ял шийтгүүлсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 9-ний орой 20.00 цагийн үед Бат-Өлзий манай дүүтэй Булган сумын “Болор” гэдэг зочид буудалд уулзсан байгаа юм. Тэнд хүн амины хэрэг гарсан. Миний дүү Отгонцэцэг буудлын орон дээр мэсний олон шарх сорвитой, бие нь хөхөрч няцарсан байдалтай нас барсан байсан.
Гэтэл миний дүүг амиа хорлосон гэж гурван шатны шүүхээс үзэж, одоо Бат-Өлзий эрх чөлөөтэй явж байна. Тэгвэл яагаад тэр орны цагаан хэрэглэл, ойр орчим цусны ямар ч толбо байхгүй байгаа юм бэ. Хутга талийгаачийн зүрх рүү 0.7 см гүн орсон байна гэсэн. Ийм байхад тэр хавиар маш их хэмжээний цус урсах нь хар ухаанаар бодсон ч ойлгомжтой биз дээ. Дүүг маань хороочихоод орон дээр аваачиж тавьсан байх магадлал өндөр” гэв. Тэд шүүгч нарыг шударга бус ажилласан талаар УПЕГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Ерөнхийлөгчид хандах аж.
Ч.ТУЯА