“Зориг” сангийн “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт оролцогчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Энхтайвангийн гэр, хашааг эко загвар айл болгон тохижуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэр хороололд амьдардаг өрх хог хаягдал ашиглан, хямд өртгөөр хашаа, байшингаа хэрхэн эко болгон тохижуулж болохыг сурталчлах зорилгоор тэд уг төслийг хэрэгжүүлсэн юм.
Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн “Гэр хороололд эко шийдэл бүхий жишиг айлыг бий болгох нь” төслийн хүрээнд залуус хаягдал блок, тоосго, модоор явган хүний зам тавьж, дөрвөн нарс, 30 гаруй жимсний мод, цэцгийн мандал тарьж, зүлэгжүүлжээ. Мөн байшинд нь органик, дахин боловсруулах, бусад хог хаягдлын савыг тус тусад нь тавьж, хэрэглэсэн усаа дахин ашиглах боломжтой, хоёр тосгууртай угаалтуур байрлуулсан юм.
Үүнээс гадна био 00, явган хүний зам дагуу нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл суурилуулж, саравч, цөөрөм байгуулж тохижуулсан аж. “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт хамрагдаж буй “Чийгийн ногоон” багийнхан эко загвар айлаа бүрэн тохижуулж дууссан бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцдаа хийсэн дүрс бичлэг, амьдарч буй орчноо хэрхэн эко болгон тохижуулах зөвлөмжтэй хамтатган богино хэмжээний баримтат кино хийжээ.
Б.ДЭН