Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзаж байсан.
Уулзалтын үеэр З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчихээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрчихдөг. Хүн хог тарина, үүн дээр хашааныхаа хогийг цэвэрлээгүй айлуудыг хог бас салхиар хийсэж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэж ярьж байсан юм. З.Буянхишиг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Эл санаачлагыг сайд Д.Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсний дагуу “Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг тарина. Хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулах ажээ.
“Эко жаал” З.Буянхишиг ирэх есдүгээр сард байгуулсан хүүхдийн тоглоомын талбайгаа хүлээлгэн өгөх юм байна.
М.Болор