Энэ тухай Эрх чөлөө радио станц мэдээллээ. Америк Израилийн харилцаа муудсан, бараг тасрахдаа тулаад байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй гэж Америкийн Ерөнхийлөгч Обама, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар
хэлэлцээний сүүлээр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Израиль улс Гаазын зурвасыг гурван жил бүслэн хаасны эцэст түүнийгээ зөөлрүүлэхээр шийдвэрлэсэнд Америкийн Төрийн тэргүүн талархал илэрхийлээд Палестины талын буруугаас болж 2008 оны арван хоёрдугаар сард тасалдаад гурван жилийн нүүр үзэж буй ИзральПалестины шууд хэлэлцээ сэргэхэд Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Ирэх есдүгээр сард Израилийн Засгийн газар Иордан голын баруун эрэг, Дорнод Иерусалимд еврейн суурингууд барьж байгуулах ажлаа хэсэгчлэн зогсоох ёстой. Түүнээс өмнө шууд хэлэлцээ сэргэсэн байх нь чухал гэж Обама хэллээ.
Обама, Нетаньяху нар мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авсныг оролцуулаад Иран улс цөмийн зэвсэгтэй болохын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол дэлхий дахинд ихээхэн аюул занал учруулахыг Израилийн Ерөнхий сайд цохон тэмдэглээд АНУ-ын адил Тегераны эсрэг дангаар хориг арга хэмжээ авахыг бусад улс оронд хандаж уриалсан байна.
Б. БУЯНЦОГ