УБЕГ-аас хээрийн түймэрт өртсөн ард иргэд, малчдад сэтгэл санааны дэм өгөх, бичиг баримтжуулах зорилгоор албан хаагчдынхаа дунд “Сайн үйлсийн аян”-ы хайрцагийг аялуулж эхэлжээ.
Уг аянд зөвхөн төвийн ажилтан, албан хаагчид нэгдээд зогсохгүй орон нутгийн хэлтсийн хамт олон ч нэгдэж байгаа гэнэ. Хамгийн сүүлд Төв аймгийн бүртгэлийн хэлтсийн нийт хамт олон цуглуулсан хандиваа холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Аяны хүрээнд тусгайлсан хандивын данс нээсэн бөгөөд сэтгэлийн дэм болгон өргөсөн хамт олны хандивын хуримтлалыг түймэрт бичиг баримтаа үрэгдүүлсэн иргэдийг бичиг баримтжуулахад зарцуулах юм. Халуун сэтгэлийн гараа сунгаж, хамт олноороо сайн үйлсийн аянд нэгдэж байгаа нийт ажилтан, албан хаагчдад зохион байгуулагчдын зүгээс талархаж байгаа аж.