Гадаад хэргийн яамнаас гадаад харилцааны салбарт он удаан жил ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэр оруулсан ахмад диломатуудынхаа мэндэлсний их тэгш ойг тэмдэглэдэг уламжлалтай болоод байна.
Энэ онд бид төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайхан, Д.Цэвэгмид нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан Лувсандоржийн ТОЙВЫН мэндэлсний 100 жилийн ойд зориулан ДУРСАМЖИЙН УУЛЗАЛТ-ыг өчигдөр буюу энэ сарын 26-нд зохион байгуулав.
Л.Тойв гуай 1953 оноос дипломат албанд шилжин ажиллаж Монгол Улсаас ЗСБНХУ, БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, ГЯЯ-нд хэлтсийн даргаар дэвшин ажиллажээ. 1964 онд Москва хотод Дипломатын академийг төгссөнийхөө дараа НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж
1966-1968 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1968-1970 онд ГЯЯ-ны сайдын албыг хашжээ. Түүнийг ГЯЯ-ны сайдаар ажиллаж байх хугацаанд МУ-ын гадаад харилцаа улам өргөжиж Дани, Турк, Сингапур, Төв Африк, Итали, Судан, Марокко зэрэг улстай дипломат харилцаа тогтоож, Япон улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээ Москва хотноо явагдаж байжээ. Тэрбээр 1964 онд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн юм.
Уулзалтыг нээж ГХ-ийн дэд сайд Н.Оюундарь үг хэлж, “Дипломат албаны нэрт зүтгэлтэн Л.Тойв” гэсэн илтгэлийг Д.Баярхүү, “Цэргийн түүх судлалд Л.Тойвын оруулсан хувь нэмэр” илтгэлийг БХЯ-ны Түүхийн хүрээлэнгийн ЭША, доктор, хурандаа О.Ганболд, “Зохиолчдын хорооны дарга Л.Тойв” гэсэн илтгэлийг Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана нар тавив.
Уулзалт дээр ахмад дипломат, Гадаад явдлын яамны орлогч сайд асан, ОББЭЭС Г.Дашдаваа, ОБББЭ Я.Дашням, Гадаад харилцааны тэргүүн дэд сайд асан, ОББЭЭС Ж.Чойнхор, Л.Тойв агсны ах дүү Д.Гомбодорж нарын зэрэг хүмүүс үг хэлэв.