“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авъяас” хөтөлбөрийн хэрэгжилттэй албаныхан танилцжээ. Ерөнхий боловсролын 19 сургууль, 18 цэцэрлэгийн концерт, урлаг спортын үзүүлбэр, уран бүтээлийн үзэсгэлэнд шалгаруулалт хийхэд Өлзийт, Баян-Өндөр, Бууцагаан сумдад тус хөтөлбөр бусдаас амжилттай хэрэгжиж байна гэсэн дүн гарчээ.
Авъяас хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнд давхардсан тоогоор 3500 гаруй хүүхэд оролцсон байна. Мөн үеэр “Хүүхдийн ертөнц-2015” гар зургийн уралдааны нэгдүгээр шатанд ирсэн 18 сургуулийн 900 гаруй сурагчдын 2700 гаруй бүтээлээс шалгаруулалт хийжээ.
17 сум хүүхдийн чуулганаа зохион байгуулж, чуулганаас гарсан уриалга, хүүхдийн санал хүсэлтийг нэгтгэн Хүрээмарал, Жаргалант, Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр, Баянговь, Баянбулаг сумд шийдвэр гаргах түвшинд хүргээд байгаа бол Жаргалант, Хүрээмарал, Өлзийт сумын ХӨУБ-ын үйл ажиллагаа тогтмолжиж, хүүхэд хүүхэддээ нөлөөлөн үе тэнгийнхнээ хөгжүүлэх чиглээр зохион байгуулсан олон талт ажил нь үр дүнгээ өгсөн байна. Үйл ажиллагаа нь тогтмолжсон хүүхдийн өөрийн удирдлагын 200 гаруй байгууллагад 5000 гаруй хүүхэд хамрагдан сурч хөгжиж байна.