ШУА, Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Төлөөлөгчийн Газар хамтран “Европ Монголын эрдэм шинжилгээ, инновацийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт-семинарыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Европын холбооны гишүүн орнууд, Европын комиссын зүгээс манай улсын судлаач, шинийг санаачлагчдад санал болгож буй боломжууд, хамтын ажиллагааны санхүүжилтыг Европын сэдэвчилсэн хөтөлбөрөөс авч болох арга хэлбэрийн талаар танилцуулж, “Horizon 2020” хөтөлбөрийн хүрээнд Европын холбоо, Монгол Улс хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.
Европын холбооны судалгаа, инновацийн “Horizon 2020” хөтөлбөрийн төслийн уралдааныг семинарын үеэр эрдэмтдэд танилцуулсан юм. Нийт 80 тэрбум еврогийн хөтөлбөрийн эхний хоёр жилийн төсөв болох 15 тэрбум еврогийн санхүүжилтийг мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн дэмжих, иргэдийн амьдралд өөрчлөлт авчрахуйц асуудлуудыг шийдвэрлэхэд зориулна.
Монголын эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүмүүс Европын холбоо болон тэдний гишүүн орнуудын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг аж. Европын холбооны судалгаа, шинжилгээ, инновацийн “Horizon 2020” хөтөлбөр нь Европын холбоо болон манай улсын хооронд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн салбарын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол түлхүүр болж байгаа юм.
Европын холбоог төлөөлж Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ив Дэлүнэ ""Horizon 2020” хөтөлбөр нь 2014 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх юм. Энэ нь Европын холбооны шинэчлэл, судалгааны томоохон хөтөлбөр. Жилийн санхүүжилт нь 10 мянган тэрбум еврогоос дээш байдаг. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт Монголоос эрдэмтэд оролцоогүй байгаа. Тиймээс оролцохыг уриалж байна. Хөтөлбөрт бүх улс, орны эрдэмтэн судлаачид хамрагдах боломжтой” гэлээ.
Мөн магистр, докторын зэрэгт суралцахыг хүссэн монгол оюутнуудад тэтгэлэг олгодог хөтөлбөртэй ирсэн тухай ярилаа. Эхний ээлжинд өнөөдөр МУИС, ШУТИС-уудын төлөөллүүдтэй уулзжээ.
БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга ““Horizon 2020” хөтөлбөр Европын орнуудад хэрэгжээд олон жил болж байна. Харамсалтай нь манай улсын судлаачид тодорхой төслөөр оролцож амжаагүй байна. Эрдэм, шинжилгээ судалгаанд мөнгө олгодог хамгийн том төсөл болох ““Horizon 2020”-д Монгол Улс хамрагдах бүрэн боломжтой. Төсөлд ганцаарчилж, мөн Европын орны судлаачидтай хамтран оролцож болно. Монгол Улс эрдэм шинжилгээний салбарт жилдээ есөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог. Тиймээс дотоодын нөөц бололцооноос гадна гадны санхүүжилтыг татах талаар ажиллаж байна ” хэмээв.
ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ “““Horizon 2020” төслийн хоёр дахь семинар үргэлжилж байна. ШУА-ийн хүрээлэн Европын холбооны Итали, Болгар, Унгар, Чех, Австри, Франц эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Бид энэ удаа Италийн эрдэмтэдтэй сарлагын сүү гаргаж авах төсөлд хамтран ажиллахаар ярьж байна. Үүний дараагийн семинар ирэх есдүгээр сард болно ” гэлээ.
М.Болор