Нийслэлийн ИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн. Энэ дагуу дагуул хот Налайхын захирагчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 14-нд зохион байгуулах болж, сонгуулийн нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэх үүнтэйгээр батлаад буй. Тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 19-25-нд үргэлжилсэн.
Тэгвэл өнөөдөр нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь олгох юм байна. Хот, тосгоны захирагчийг сонгох, огцруулах журмын дагуу захирагчид улс төрийн намууд нэр дэвшүүлэхгүй бөгөөд тус дүүргийн ИТХ болон хороодын Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлэхийг зөршөөрдөг. Мөн бие дааж нэр дэвших боломжтой.
Гэхдээ Налайх дүүргийн ИТХ хуралдаж чадалгүй байсаар хэнийг ч нэр дэвшүүлээгүй аж. Харин Д.Батбаатар, Ш.Хаан, Б.Баяндэлгэр нарын найман нэр дэвшигч бүртгүүлжээ. Д.Батбаатар нь Шадар сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд 1992 онд Налайх дүүргээс парламентад сонгогдож байжээ.
Тэрбээр бие дааж нэр дэвшиж буй аж. Ш.Хаан нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бол Б.Баяндэлгэр Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм байна. Дашрамд дурдахад, сонгогчдоос 50+1 хувийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах юм.
Б.НОМИН