Ан амьтнаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгон харсан хүмүүс экологийн доройтолд оруулсаар байгаа. Цагдаагийн Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр эрчимтэй ажил хийдэг ч прокурорын шатанд очоод зарим нь хэрэгсэхгүй болдог. Шунал нь ихэдсэн зарим хүн энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн ч хашрахгүй дахин гэмт үйлдэлд холбогдох явдал гарсаар. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, Замын-Үүдийн цагдаагийнхантай хамтран хаширдаггүй нэгэн ченжийг энэ долоо хоногийн эхээр үйлдэл дээр нь дахин саатууллаа. Сэжигтэн эр өөрийнхөө машинд буга, хүдэр, чонын эд эрхтэн ачиж яваад баригдсан аж. Цагдаагийнхан түүний жолоодож явсан “Мицибуши” маркийн автомашиныг зогсоон шалгахад тээшинд нь хүдрийн заар 12, бугын чив 14, сүүл 21, төмсөг 27, чонын эрүү хоёрыг ачиж явжээ.
Хүдрээс нэг заар, бугаас нэг чив, нэг сүүл гарна гэж тооцохоор хулгайн анчид Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон 12 хүдэр, 21 бугын цусаар бууныхаа амыг мялаасан гэсэн үг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Энэ үнэлгээгээр нэг хүдэр 3-3.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн. 12 хүдэр 42 сая төгрөг болно гэсэн үг. 21 буга 160-аад сая болно гээд тооцохоор 200-гаад сая төгрөгийн хохирол хулгайн анчид учруулчихаад байгаа гэсэн үг. Харин шинжээчид экологид 800 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байх боломжтой гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна лээ. Хуулиар хулгайн ан хийсэн хүнийг ч, ченж нэртэй луйварчдыг ч, эд эрхтнийг нь наймаалахаар авч явсныг ч ялгаагүй экологид учруулсан хохирлыг нь гурав дахин нугалж төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу, автомашиныг нь улсын орлогод хурааж, 3-5 жил хорих заалттай. Харин хулгайн анчдын талаарх бодит мэдээллийг өгсөн хүнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн болон, төр засгийн шагналаар шагнахаар тусгасан байдаг.
Бидэнд олдсон мэдээллээр ховор, нэн ховор амьтанд багтсан ангийн эд эрхтнийг авч явсан хүн нь Архангай аймгийн уугуул, Баянзүрх дүүргийн иргэн Э хэмээх 31 настай залуу. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр энэ эр хятадуудтай хамтран ангийн эд эрхтний наймаа хийсээр багагүй хугацаа өнгөрөөсөн, нэг бус удаа хууль хяналтын байгууллагынхны хараанд өртөж байсан сурагтай. Тэрбээр “Цайз”, “Эмээлт” түүхий эдийн захад бараагаа хүлээж авдаг бөгөөд орон нутгийн иргэд түүнд байнга “ангийн хишгээ хүртээж” сурсан аж. Хэрэгт холбогдсон ч “хөнгөн” ял шийтгүүлж, хэргээ ганцаараа үүрч сурсан гэхэд ч хилсдэхгүй нэгэн юм байна. Тэрбээр мөн л ховордсон ангийн эд эрхтэн хил давуулах гэж Замын-Үүд рүү явж байгаад хууль хяналтын байгууллагынханд “гардуулж” 2013 онд шүүхээс нэг жил тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан удаатай. Уг хэргийг нь сөхвөл мань эр хэргээ ганцаараа “үүрснийг” нь харж болох аж. 2012 оны хоёрдугаар сарын 3-нд Э Замын-Үүд-Эрээний хооронд тээвэрт явдаг “УАЗ-469” маркийн автомашинд шилүүсний хоёр арьс, чонын 15 хос эрүү нууж гараад Эрээнд баригдсан гэнэ.
Ингээд хятадуудаас зугтаж Хөх хотод хүрч, тэндээсээ онгоцоор Улаанбаатарт ирэхэд нь тус улсын хууль хяналтын байгууллагынхны мэдээллээр манай цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Харин “УАЗ-469”-ийн жолооч Хятадын шүүхээр ял шийтгүүлж, машинаа хураалгаад тус улсад таван жил нэвтрэх эрхгүй болжээ. Харин эд зүйлийг нь Замын-Үүдэд хүргэж өгсөн үеэл дүүг нь тус сум дахь Сум дундын шүүхээс гэм буруугүй гэж үзсэн юм билээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би уг нь ийм зүйл авдаггүй юм. Хөдөөнөөс хүмүүс ирэхээр нь хямд аваад үнийг нь өсгөөд зарчихна гэж тооцсон. Тэгээд хүнээс мөнгө зээлж авчихаад гэртээ аваачиж хөлдөөгчиндөө хадгалсан. Уг барааг би Улаанбаатарт л авдаг хүнд нь борлуулчихна гэж бодож байсан. Гэтэл Эрээнд найзтайгаа таарахад энд арай өндөр үндээр зарчих байх гэж ярихаар нь нааш нь авчруулсан юм. Миний хувьд хилээр энэ барааг гаргаагүй” хэмээн мэдүүлжээ. Үнэхээр Э ангийн эд эрхтний ченж биш байсан бол хууль хяналтын байгууллагад ахин дахин баригдана гэж үү. Түүнд барааг нь нийлүүлдэг хулгайн анчид манай орны өнцөг булан бүрт яваа нь гарцаагүй. Ангийн эд эрхтний томоохон контрбандчин энэ эрийг, хулгайн анчидтай хамт илрүүлж, өмнөд хөрш рүү гаргадаг сүлжээг нь таслахгүй бол эх орны минь баялаг үгүй болж дуусах нь.
Г.РАВЖАА