“Шивээ-Овоо” компани энэ сарын 21-нд Энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтад оруулжээ. Хэдийгээр нүүрсний үнийг төрөөс барьж, бодит өртгөөс доогуур худалддагаас үүдэн алдагдал хүлээж буй ч тэд дотоод нөөц бололцоогоо шавхан дээрх үйлдвэрийг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьсан байна.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Үүнээс гадна тэсэлгээний гүйцэтгэгч компаниудаас шалтгаалдаг байсан өр төлбөр, чанар, цаг хугацааны олон асуудал үгүй болох юм. Мөн тус компанийн үйлдвэрлэлийн зардлыг жилд тэрбум орчим төгрөгөөр бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
1990 онд байгуулагдсан тус компани энэ онд 25 жилийн ойгоо угтаж буй бөгөөд Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 33, эрчим хүчний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангадаг юм байна.
С.УУЛ