Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-Марафон 2015” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 6-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм.
Энэ талаар “Улаанбаатар-марафон 2015”-ын ерөнхий зохион байгуулагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодрууллаа.
-Энэхүү гүйлтийг зохион байгуулж буй гол зорилго нь юу вэ. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?
-Гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмгэдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой уг гүйлтийг зохион байгуулж байна. Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар-марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсролын байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод болон иргэдийг татан оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-марафонд нэгдэцгээе” цомыг дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 25-ны хооронд 50 хоногийн хугацаанд 400 гаруй байгууллагад аялуулсан. Энэ хугацаанд 30 гаруй биеийн тамир, спортын хамтлаг шинээр байгуулагдаж, байгууллага хамт олныхо дунд спорт алхалт, аялал, мод тарих, хог цэвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцож байлаа. Түүнчлэн дөрвөн ажлын хэсэг энэ жилийн марафоныг зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 95 хувьтай байна.
-Олон улсын статустай уралдаан зохион байгуулж байгаа юм байна. Ямар ямар орны тамирчид, иргэд энэ жилийн гүйлтэд бүртгүүлээд байгаа вэ?
-ОХУ, Солонгос, БНХАУ, Бутан зэрэг улсаас тамирчид ирж оролцоно хэмээн мэдэгдээд байгаа.Мөн марафон гүйлтийн шүүгчдийг бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж, 83 шүүгч бэлтгэсэн бөгөөд олон улсын гүйлтэд бүртгүүлэхийг хүсвэл www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цэгт хандан оролцох эрхээ баталгаажуулж мандат авах боломжтой. Одоогийн байдлаар 2500 гаруй хүн бүртгүүлээд байна.
-Гүйлтийн зай хэдэн метр байх бол?
-Марафон зам маршрутыг хэмжиж баталгаажуулан гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоосон бөгөөд1500м, 5000м, 10000м, 21095м, 42195 метрийн зайнд тамирчид гүйнэ. Жишээ нь 5000 метрийн буюу гарааны маршрут нь Чингис хааны нэрэмжит талбайгаас Төв шуудан- Энх тайвны өргөн чөлөө-Цэцэг төв-Зоос гоёл-МУИС—Бээжингийн гудамж-Чингис зочид буудал-Бөхийн өргөө-Энхтайвны өргөн чөлөө-СЭЗДС-МУБИС-Дуурь бүжгийн эрдмийн театр-Чингис хааны талбайд ирснээр барианд орох юм. Усны болон эмнэлэг үйлчилгээний цэгүүдийг Центр пойнт, тавдугаар сургуулийн харалдаа замын урд, Сансрын туннель, Санхүү эдийн засгийн дээд сургууийн өмнө байрлуусан. Түүнчлэн хагас болон бүтэн марафон 10 мянган метрийн тойргоор гүйнэ. 10км, 21км, 42км-т гүйгчдийн амжилтыг олон улсын жишгжжр автомат хэмжигч буюу чипээр тодорхойлохоор хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагтай тул учраас эдгээр замд уралдах тамирчдыг энэ сарын 31 хүртэл бүртгэх юм. Бусад зайны оролцогчдыг зургаадугаар сарын 4-ийг дуустал бүртгэж байгаа. Нийслэл хот ганц өдөр болов уу эрүүлжих сайхан өдөр тохиох гэж байгаад баяртай байна.
-“Улаанбаатар-марафон”-ы шагналын сан ямар байгаа вэ?
-Гүйлтийн 10км, хагас буюу бүтэн марафоны 21км, 42км кайди гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна. Харин 5000 метр зайд гүйсэн оролцогчдын насны ангилал бүрт эхний 1-8 дугаар байрт шалгаруулж, медаль, мөнгөн шагналаар шагнаж өргөмжлөл гардуулах юм.
Дашрамд дурдахад, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай.
“Автомашингүй өдөр “-өөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хаана. Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.
Г.Оюун