ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз болон тус улсын эрүүл мэндийн яамны төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа ч өргөжин тэлж байгаа билээ. Төлөөлөгчид Архангай, Өвөрхангай аймагт богино хугацаанд ажиллан, хөдөө орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ нэн тэргүүнд шаардлагатай байгааг олж харжээ. Алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх, яаралтай түргэн тусламжийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, яаралтай дуудлагын сүлжээг бий болгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж чиглэлээ тодорхойлсноо уулзалтын үеэр төлөөлөгчид ЭМС-ын сайдад танилцууллаа.
Яаралтай түргэн тусламжийг чанартай хүртээмжтэй хүргэснээр хүний амь насыг авран хамгаалахад чухал нөлөө үзүүлэх болно. Хөдөө орон нутагт ялангуяа аймаг орон нутгаас зайдуу амьдарч байгаа ард иргэдэд яаралтай түргэн тусламжийг хүргэх асуудал өнөөдөр хүндрэлтэй хэвээр байгаа. Энэ тал дээр нэн тэргүүнд хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа урт хугацаанд үр дүнтэй өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа салбарын сайд илэрхийлэв.