Нийтийн тээврийн компанийн ажилчид гурав дахь өдрөө үргэлжлүүлэн ажил хаяж байна. Тэдний зарим нь ажлын эхний өдөр буюу өнгөрсөн даваа гаригийн 06.00 цагаас өнөөдөр хүртэл ажлаа зогсоосон бол “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 70 гаруй ажилчид ажлаа хийх хүсэлтэй байгаа ч дарамтад орж, ажилдаа гарч чадахгүй байгаа тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
“Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын жолооч, кондукторууд ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байтал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажилд гаргахгүй дарамт учруулж байгаа тухай ярисан юм.
Автобус нэгтгэлийн жолооч Ж.Ганбаатар “Монголын үйлдвэрчний эвлэл, үйлдвэрчний байгууллагуудаас зохион байгуулж буй энэ ажил хаялтыг бид дэмжихгүй байна. Ажил хаялтад оролцох эсэх нь тухайн ажилтны өөрийн эрхийн асуудал юм. Үүнд оролцохгүй гэдгээ байгууллагын захиргаанд мэдэгдэж, гарын үсгээр баталгаажуулсаар байтал өглөө ажилдаа гарах гэсэн автобуснуудын замыг Үйлдвэрчний эвлэлийнхэн хааж, дугуйн дор орж хэвтэн, хэл амаар доромжилж, ажил хаялтад хүчээр оролцуулсан. Ажил хийх эрхийг гурван хоног саатуулж байна. Бид хийснээрээ цалинждаг. Би автобус баазад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сард дунджаар 800.000-аас нэг сая төгрөгийн цалин авдаг. Өмнө нь цалингаа нэмүүлэх гэж гарын үсэг зурж байсан ч цалин 25 хувиар нэмэгдсэн. Тиймээс ажлаа хийх хүсэлтэй байна” гэсэн юм.
“Зорчигч тээврийн нэгтгэл” нь 1700 гаруй ажилчинтай аж. Үүний 1300 нь жолооч, кондукторууд юм.
Ийнхүү ажил хаялт зарласан жолооч, кондукторуудын санал зөрөлдөж байгаа юм. Авч буй цалингийн дүнг ч зөрүүтэйгээр ярьж байна.
Тус нэгтгэлийн билет таслагч М.Ганчимэг “Огцом биш ч сүүлийн гурван сар жолооч, билет таслагч нарын цалин 30-50 хувь буурсан. Удирдлагууд үүнийгээ компанийн байдал хүнд, төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Ажилчдынхаа цалинг нэмдэггүй юм аа гэхэд хасахгүй байж болно шүү дээ. Энд 500 гаруй хүн ажил, амьдралаа хаяад жагсаж байгаа нь туйлдаа хүрсний л шинж” хэмээн ярьж байсан бол өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон жолооч, кондукторууд сард 700.000-аас сая төгрөгийн цалин авдаг. Бидэнд ажил хаях сонирхол байхгүй, ажилдаа гармаар байна гэж ярилаа.
Харин “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн орлогч захирал М.Цэвээн-Очир” Мөнгө хураагчид 600-800 мянга, жолоочид 800-нэг сая төгрөг гар дээрээ авдаг. Тухайн сард ажлын гүйцэтгэлээр 400-500 мянгыг авч буй хүн байгаа” гэсэн тайлбар хийлээ.
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I-баазын дарга С.Ононбаяр “Хэсэг бүлэг хүмүүсээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөж болохгүй. Нийслэлийн хэмжээнд 800-900 орчим автобус явж байна. Түүний 300 гаруй нь “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнх. Өдөрт 240-280 мянган зорчигч үйлчлүүлдэг.Тиймээс ажил хаялтад үйлчлүүлэгчид хохирч байна. Мөн ажилдаа гаръя гэсэн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна” гэсэн юм.
Ажилчид, албан тушаалтны хоорондын маргаан хэдий болтол үргэлжлэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч үүнээс нь болоод жирийн иргэд хохирч байна.
М.Болор