Батлан хамгаалах яам, ХААН банк цэргийн албан хаагчдыг орон сууцжуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, батламжийг солилцлоо. Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Энэ санамж бичиг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчдын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах, банкны зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн мөнгөн хадгаламж, орон сууцны төлбөрийн хуримтлалтай болгох зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Батлан хамгаалах яамны зүгээс салбарынхаа ажиллагсдын нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгийг банкинд төвлөрлүүлэн байршуулах, орон сууцны зээлийн баталгаа болон ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Харин ХААН банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан батлан хамгаалах салбарын ажилтнуудад орон сууцны зээлийг олгох юм.