Монголын залуучуудын холбооны дэргэдэх сургалт судалгааны “Полиси” төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл эдгээрийн үргэлжлэл болгон шилдэг сурагчдыг Полиси төвийн Залуучуудын хөгжлийн сургуульд эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөрөөр сургах “Нийслэлийн шилдэг сурагч-999” төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлд нийслэлийн ерөнхий боловсролын 118 сургуулийн урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн шилдэг 999 сурагч хамрагдах юм.
Уг төслийн эхний ээлжийг Хан-Уул дүүргийн Залуучуудын холбоо хамтран дүүрэгтээ хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Лувсанвандан сан” ажиллаж байгаа аж. Хан-Уул дүүргийн “Шилдэг сурагч-999” төсөлд хамрагдсан сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрсдийн ирээдүйн зорилгоо тодорхойлон Монголынхоо үнэ цэнэтэй нэгэн иргэн болоход суралцаж байна.
Төслийн хүрээнд сурагчид компанит ажил хэрэгжүүлж дүүргийнхээ хөшөө дурсгалыг сэргээн засварлах, өөрсдийнхөө уншиж байсан номнуудыг бусад хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулан хандивлах зэрэг нийгэмд хэрэгтэй сайн үйлсийн аяныг зохион байгуулж, бүтээлч иргэд болон төлөвшинө.