Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын Залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын XIII ерөнхий ассамблейг энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгууллаа. Уг чуулганы зохион байгуулалтанд 100 орчим сайн дурын залуус идэвхитэй оролцож, зочид төлөөлөгчдийг угтах, үдэх, орчуулга хийх зэргээр ерөнхий зохион байгуулалтад ажилласан. Ийнхүү олон улсын нэр хүндтэй үйл ажиллагаанд идэвхи санаачилга, зохион байгуулалт сайтай оролцсон эдгээр залууст Монголын Залуучуудын холбооны удирдлага баяр хүргэж, сертификат өглөө. Түүнчлэн Монголын Залуучуудын холбооноос эрхлэн гаргасан “Залуу үе”, “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн анхны дугааруудыг, G-Mobile-ийн нэг сар интернет үнэгүй ашиглах дугаарын хамт бэлэглэсэн юм.