Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Мөн иргэдийн 50 хувь нь сард дунджаар 870 мянган төгрөгөөс бага буюу дундаас доогуур орлоготой, орон сууц худалдан авах чадваргүй байдаг аж. Иймд орлого багатай иргэдийн амьдрах орчныг сайжруулах, орон сууцтай болгоход чиглэсэн стратеги, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зорилгоор өчигдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Ийн Засгийн газарт өргөн барихаар болжээ.