Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Ротаракт клуб хамтран есөн дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдүүдийн эмчилгээний бус цагийг зөв зохистой өнгөрүүлэх өрөөг тохижуулах “Dream Corner” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Ротаракт клуб нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээний бус цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөгжих боломжоор хангах, тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн өрөөг тохижуулан “Dream Corner-1,2,3” төслөө хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд 2015-2016 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хүүхдийн өрөөг тохижуулах ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.