Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэнхэр дуулгатнууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Тус мэндчилгээнд, "Эх орныхоо хүндтэй даалгаврыг өвөрлөн, энх амгалангийн манаанд нэр төртэй зүтгэж яваа эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт цэрэг, үе үеийн цэнхэр дуулгатан Та нартаа Энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дэвшүүлж баяр хүргэе! НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг оролцуулж буй 126 гишүүн орны 100 гаруй мянган энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, гавьяа зүтгэлийг нь үнэлэх, олон нийтэд алдаршуулах зорилгоор Олон улсын энхийг сахиулагчийн өдрийг тэмдэглэдэг билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийн үйлсэд оролцсоноор дэлхий дахинд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Үймээн самууны хөлд нэрвэгдсэн, үгүйрэл гуйланчлал, өлсгөлөн ноёлсон, дарийн утаа манарч, дайны уршиг үргэлжилсэн халуун цэгт бид эрэлхэг хөвгүүд, охидоо илгээн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа билээ. Эрсдэл, түгшүүр бүхий амаргүй орчин нөхцөлд цэргийн тангарагаар хүлээсэн үүргээ ийнхүү бахархалтайгаар биелүүлж, Монгол цэргийн ур чадвар, тэсвэр хатуужил, улс орон, ард түмнийхээ бахархам түүх, нэр хүндийг өндөрт өргөж яваа үе үеийн энхийг сахиулагчид Та нартаа болон Та бүхнийхээ гэр бүлд Монголын төр, ард түмэн, Батлан хамгаалах салбарын хамт олон, гэр бүл, ойр дотныхон тань гүн хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлж, улам их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг" гэжээ.