Хайр, үзэн ядалт хоёрын дунд ганцхан алхмын зай бий гэдэг. Намуудын санхүүжилт, авлига хоёрын дунд ч ийм л зай байдаг аж. Аливааг буруудуулахгүйн тулд үргэлж зөв алхах ёстой гэсэн санаа эндээс гарна. Гэтэл манайд аль хэдийнэ буруу алхчихаж. Өндөр түвшнийхэн авлигад автсан, эсэхийг тогтоох төсөөллийн судалгааг УИХ-ын тогтоолын дагуу АТГ-ынхан 2008 оноос хойш хийж буй юм билээ. Үнэлгээ нь 1-5 хувь. Тав бол тун муу, авлигадаа живчихжээ гэсэн үг. Харин нэг хувь байвал бүх юм цэвэр. Гэтэл манайд дөрвөн хувь даваад л, шүргээд л “давхиж” явна. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл 2008 онд 4.09, 2012 онд 3.93, өнгөрсөн онд 3.58 хувь гарчээ. Тэр тусмаа “УИХ-д суудалтай намууд авлигад хамгийн ихээр автсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ авлигын шалтгаан нь намуудын санхүүжилт болж байгаа юм.
2012 ОНД НАМУУД СОНГУУЛЬД НИЙТ 37 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Сонгуулийн санхүүжилт, түүнээс улбаатай авлигыг таслан зогсоох эхлэл нь зардал хумих гэдгийг олон улсын судлаачид хэлж байна. Манай улсын хувьд 2008 онд сонгуульд оролцсон намууд нийт 7.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2012 онд 37 тэрбум төгрөг болж зардал хэд дахин өсчээ. Аль болох л их мөнгөтэй байвал тэр нам далайцтай, бийлэгжүү ажиллана, сонгогчдыг татна гэдэг ойлголт бүр хэвшчихсэн. Хэдийгээр хуулиар олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу урлагийн тоглолт, эрүүл мэндийн үзлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлэг сэлт, хүнс тараахыг хориглосон ч сурталчилгаа эхлэхээс өмнө улстөрчид энэ ажлаа амжуулчихдаг. Учир нь зөвхөн сонгуулийн жил эхэлсэн үеэс дээрх заалт хүчинтэй. Тиймээс намын дарга нар хүмүүстээ “2016 он гарахаас өмнө амжаад өгөх юмаа өг, тайлан, хуудсаа тараа” гэсэн сураг ч гарсан. Ажлаа тайлагнасан календарь, нэрээ “сийлсэн” зургийн хүрээ, цаг хэдийнэ сонгогчдод хүрчээ.
Тэгэхээр сонгуулийн зардал бүр жилийн, магадгүй жил хагасын өмнөөс эхэлдэг байх нь. Харин дээрх тоо бол албан ёсоор сонгуулийн сурталчилгааны хугацаанд зарцуулсан мөнгөний дүн. Улс төрийн намууд, улстөрчид үнэхээр баян байгаа биз. Гэхдээ яаж ийм баян байгаа нь л асуудал болоод буй юм. Сонгуулийн хуульд “СЕХ тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно” хэмээн заажээ. Үүний дагуу 2012 онд нэг нам, эвслээс сонгуульд зарцуулах дээд хязгаарыг есөн тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ бол тойрог, хүн амын тоо тус бүрээр ялгаатай тогтоосон нэр дэвшигч тус бүрийн сонгуулийн зардлын дээд хязгаарын нийлбэр тоо.
Нэр дэвшигчид 154 саяас 1.1 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байсан юм билээ. Энэ хэмжээг хэтрүүлэх юм бол цалингийн доод хэмжээг 15 дахин нэмж торгоод л гүйцээ. Гэхдээ нэр дэвшигч хувиасаа, халааснаасаа хэдий хэмжээний мөнгө гаргаж байгааг хэн ч тооцдоггүй. Гэтэл олон улсад энэ мөнгөнд нь ч хяналт тавьж, хязгаар тогтоодог гэнэ.
ХАНДИВЛАГЧДЫГ ЗАРЛАЯ
Намуудын сонгуулийн үеэр авах хандивын хэмжээ улам л өсөж буй аж. Манай хуульд сонгуулийн үеэр хуулийн этгээд гурван сая, иргэн нэг сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно гэсэн хязгаар тогтоосон. Гэвч хандивлах үйл явцад тавих хяналт сул, ил тод биш. Нэг хүн хэдэн ч нам, улстөрчид хандив өгөөд байгаа юм бүү мэд. Намууд зардлын тайлангаа сонгууль дууссаны дараа СЕХ-нд хүргүүлдэг, зөрчил гарсан гэхэд тооцох хариуцлага нь инээдэмтэй. Мэдээж Сонгуулийн хуулийг өөрчлөх бүртээ ахиц гаргаж байгаа ч дутуудуулж ханадаггүй аж. 2008 онд намуудын нийт санхүүжилтийн 30 хувийг хандив бүрдүүлж байсан бол 2012 онд 60 хувь болсон байх юм. Томоохон хандивлагчдыг зарлах нь санхүүжилтээс үүдэлтэй авлига буурах бас нэг хүчин зүйл болохыг судлаачид хэлж байна. Гэвч намуудад ийм сонирхол байхгүй. Тэдэнд ялах, ядаж ахиухан суудал авахын тулд мөнгө хэрэгтэй. Тэгээд гаднын, эсвэл дотоодын компаниудаас хандив авна. Дараа нь түүнийхээ хараат болно. Хүсэл сонирхолд нь нийцүүлсэн хууль батална, албан тушаал бэлэглэнэ. Тиймээс хуулиа сайн чангатгах учиртай.
Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл, иргэдийн саналыг олон сонссон, төсөлдөө тусгаж байгаагаа ярьсан. Тэрбээр “Сонгуулийн хуульд хувь хүн болон хуулийн этгээдийн хандивын хэмжээ, нэр хаяг, түүнд тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Нэг намаас, нэг хүнээс сонгуульд зарцуулах санхүүжилтийн хэмжээг зааж өгнө. МҮОНРТ-ээр үнэгүй хуваарь гаргаж, нэр дэвшигчдэд болон намуудад тэгш боломж олгосон сурталчилгаа явуулна. Сурталчилгааны самбарыг үнэ төлбөргүй байрлуулах газрыг зааж өгснөөр зардал буурна. Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, худлаа тайлагнасан, мөн дутуу юм уу худлаа мэдээлсэн бол тэр намыг сонгуульд бүртгэж авахгүй. Сонгуулийн дараа авсан санал, суудал дээр нь улсын төсвөөс намуудад мөнгө хуваарилдаг ч зориулалтыг нь зааж өгдөггүй.
Зориулалт заадаггүйгээс юунд, хэрхэн зарцуулснаа татвар төлөгчдөд тайлагнадаггүй. Тайланд нь хяналт тавьдаггүйгээс авлигад хамгийн өртөмтгий байна. Ихээхэн хэмжээний хандив авсан хүмүүстээ эргэж албан тушаал, эрх мэдэл, тендерээр буцаагаад хариу барьдаг жишгийг зогсоохын тулд улсын төсвөөс өгч буй мөнгө бүрийн зориулалт, хяналт тодорхой байх ёстой. Эргээд тайлагнадаг байх ёстой” хэмээн ярьжээ. Бас хариуцлагыг чангатгаж, хууль зөрчсөн бол намыг нь татан буулгах хүртэл заалт оруулах сурагтай.
НИЙТ СОНГОГЧИЙН ГУРВААС ДЭЭШ ХУВИЙН САНАЛ АВСАН БОЛ ТӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
Авлигаас намуудыг ангид байлгах өөр нэг арга нь төрөөс санхүүжүүлэх явдал. Хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэнэ. Одоо зөвхөн УИХ-д суудалтай намуудад санхүүжилт өгдөг бол төсөлд парламентад суудал аваагүй ч нийт сонгогчийн гурваас дээш хувийн санал авсан намуудыг үүнд хамруулахаар зохицуулжээ. Энэ нь бас намуудыг том, жижиг, хөрөнгөтэй үгүйгээр нь ялгахгүй, тэгш гараанаас гарах, шударга өрсөлдөх боломж болох юм. Мөн томоохон хандивлагчдын нөлөөг багасгана.
Намуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн этгээдээс биш, зөвхөн иргэнээс, бага хэмжээний хандив авдаг болох санал ч гарч байсан. Гурван жил гаруйн турш ажиллаж буй ажлын хэсэг эрхбиш удахгүй төслөө бэлэн болгох байх. Учир нь сонгуулийн зардлын асуудлыг Сонгуулийн хуульд тусгасан. Уг хуулийг УИХ ондоо багтаан батлах ёстой. Намуудыг авлигаас салгаж, УИХ-аас захиалгын биш, зөвхөн нийтийн эрх ашигт нийцсэн хууль баталдаг болох болтугай. Тэгвэл авлига алсарч, улс төр цэвэршинэ.
С.ТУУЛ