Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны хотын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа. БНХАУ-ын Засгийн газраас манайд олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн орчимд шинэ гүүр барих, хуучныг нь засварлах ажилд нийт 2.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Өчигдрийн хурлын шийдвэрээр эхний ээлжинд нийслэлийн хоёр байршилд шинэ гүүрэн гарц барихад зориулж 600 сая төгрөгийг төсөвт суулгаж өгөв. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барихад нийтдээ 42.38 сая, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу ордог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, хажуугаар нь шинийг барьж хос болгох төсөлд 30.26 сая ам.доллар шаардлагатай байсан юм.
Эдгээр гүүрэн гарцыг барих мөнгийг ийнхүү төсөвт суулгаж өгснөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгахын зэрэгцээ төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг тусгаарлах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой аж.
Л.ГАНЧИМЭГ