УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нарын гишүүд өргөн барьсан юм. Тус хуульд нэмэлт өөрчлөлт орсноор эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлэх, тус салбарыг тодорхой бодлого, зохицуулалттайгаар хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тарифын татаасыг зүй зохистой хэмжээнд нь олгохуйц санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 76,4 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.