НИТХ–ын ээлжит 27 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Дээрх хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, эхний ээлжинд хоёр гүүрэн гарц шинээр барих 600 сая төгрөгийг тусгалаа.
Эдгээр гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.