БЛИЦ
НАС: Тавдугаар сарын 24-нд дөрвөн сар хүрсэн.
ХИЙХ ДУРТАЙ ЗҮЙЛ: Зурагтаар зар сурталчилгаа үзэх тун дуртай.
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ТОГЛОГЧ: Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд сая төгрөгийн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаас эзэмшүүлэхээр болсноо өнгөрсөн хоёрдугаар сард “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдэгдсэн. Саяхан аав Хатанболд нь уг эрхийн бичгийг гардан авч, “Ард Секьюритиз” компанид үнэт цаасны данс нээлгэснээр Монголжин манай хөрөнгийн биржийн хамгийн залуухан тоглогч болов.
БЭЛГЭ ДЭМБЭРЭЛТЭЙ ТОО: Х.Монголжин охины төрсөн бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44-өөр, регистрийн дугаар нь 444-өөр, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон нь мөн 44-өөр төгссөн нь хувь тохиол байв. Энэ бол Монгол Улсын дөрвөн сая дахь иргэнийг дагуулахын бэлгэдэл гэж Өмнөговь аймгийн иргэний бүртгэлийнхэн онцолж байсан.
“ОНЫ ЕСӨН АЛДАРТАН”-Ы НЭГ: “Өнөөдөр” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны алдартан” шалгаруулалтын морин жилийнхэд Х.Монголжин охин тун дээгүүр байр эзэлсэн. Нийгмийн бүхий л салбарыг хамруулан, тухайн жилд хийсэн бүтээсэн гавьяагаараа түмэн олноо манлайлсан алдартнуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг энэ шалгаруулалтын түүхэн дэх хамгийн залуу алдартан тэр болсон.
ХҮНДЭТ ИРГЭН Х.МОНГОЛЖИН
ХҮНДЭТ ИРГЭН: Төрөөд хориодхон хоногтой байхдаа охин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн билээ.
Цаг хугацаа гэдэг хурдан юм шүү. Монголчууд гурван саяулаа болж, монгол түмний магнай тэнийн, баяр бахархал зэрэгцэж асан цаг саяхан мэт боловч хэдийнэ дөрвөн сар өнгөрчихөж. Монгол Улсын гурван сая дахь иргэн, бяцхан Х.Монголжингийн амьдрал өөрийнх нь “зөвшөөрөлгүйгээр” олон нийтийн өмнө дэлгэгдэж, охин хар нялхаасаа “од” болсноос хойш өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой мэдээлэл хэн хүний анхаарлыг татах болсон билээ. “Нялх амьтныг зүгээр орхиоч. Хар, цагаан хэл ам хүрчих вий” гэж байсан хүмүүс ч үнэндээ гурван сая дахь иргэнээр тодорсон азтай, адтай охины талаар чих тавин сонордож байсан нь нууц биш.
Харин энэ бүхэн охины болоод гэр бүлийнх нь амгалан тайван байдлыг тэгтлээ алдагдуулаагүй юм байна гэдгийг сая гэрт нь очоод анзаарлаа. Учир нь Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа хоёр хоёулаа, тэдний аавууд, эмээ нар нь ч ёстой л жинхэнэ хөдөөний монгол зангаа гээгээгүй улс аж. “Хавдрын эмч нартай хамт хотоос ирсэн сэтгүүлч байна. Танайд очиж Монголжингийн тухай сурвалжлага хийж болох уу” гэж Э.Хатанболд руу утас цохиход тэр уриалгахан зөвшөөрч, “Та газар мэдэхгүй байх. Би 20 минутын дараа очоод авъя” гэлээ. Тэгснээ бас буудлаас ганцаараа гарч ирсэн намайг хараад, “Нөгөө эмч нар тань хаана байгаа юм бэ. Манайд тантай хамт очно биз дээ” хэмээх.
Зорилго өөр эмч нар байтугай зорьж очсон би хүртэл нэрэлхэж, хэрэндээ санаа зовон байж Монголжингийн аав руу утас цохисон шүү дээ. Гэтэл тэд ёстой л монгол хүний сэтгэл, сэтгэхүйгээр юманд хандах аж. Ямар ч шалтгаангүй, зүгээр л дуртай үедээ нэгнийдээ орж, цай чануулсан шиг ээ хавь ойрын хууч дэлгэн суудаг хэнэггүй, гэмгүй, уужуухан монгол зан заншил, халуун сэтгэлээс бид ямар их холдсоноо тэгэхэд мэдрэв.
Монголжин охин ч гэрийнхнийхээ энэ заншлыг “дагадаг” юм уу, хөлсөнө гэдгийг мэдэхгүй өсөж байгаа аж. Амаржих газраас гарсных нь дараагаас эхлээд дөрвөн ханатыг нь өргөх шарсан тэр олон хүний хөлөөс жийрхэж, хөлсөн, ээж, аавыгаа хагас нойртой хонуулсан удаагүй гэнэ.

“ЭНЭ ГЭРИЙН БҮХ ЗҮЙЛ МОНГОЛЖИНГИЙНХ”
Даланзадгадын баруунтаа гурван жилийн өмнө дөрвөн ханатай гэрт гал голомтоо бадраан, төвхнөсөн Э.Хатанболд, Г.Аззаяа хоёр амны хишигтэй охиныхоо буянаар өдгөө тохилог, шинэхэн байранд амьдарч байна. Өмнөговийн ИТХ, ЗДТГынхан Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Монголжин охинд аймгийн төвийн урд хэсэгт шинээр ашиглалтад орсон орон сууцны хорооллын тавдугаар давхарт гурван өрөө байр бэлэглэжээ. Э.Хатанболдынх Цагаан сарын шинийн гурванд байрандаа нүүж орсон бөгөөд тус орон сууцны анхны оршин суугчийг гэртээ орж буйг тохиолдуулан эл өдөр цахилгаан шатаа ажиллуулж, тавилга сэлтийг нь зөөж өгсөн гэнэ.
Орчин үеийн залуу гэр бүлийн нэгэн адилаар байрандаа элдэв нүсэр тавилга сэлтгүй, авсаархан, саруулхан байхаар тохижуулжээ. Зочны өрөөний зүүн хананд Монголжингийн аав, ээжтэйгээ авахуулсан зургийг хивсэн дээр буулгасан хөрөг өлгөөтэй байв. Харин баруун талын хананд мөн л Монголжингийн гурван сая дахь иргэний батламж болон манай “Оны есөн алдартан”-аар шалгарсан өргөмжлөл тэргүүтэн байлаа. Ерөөс энэ байрны өрөө бүхэнд охины нэр дээр данстай эд хогшил зонхилох аж.
Аав, ээж нь ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Энэ гэрийн бүх зүйл Монголжингийнх. Охиноо том болохоор байрыг нь хүлээлгэж өгөөд, бид хоёр тусдаа гарна даа” хэмээсэн.
ХОРВООД ИРЭХ ГЭЖ ЯАРСААР АРВААД ХОНОГИЙН ӨМНӨ МЭНДЭЛЖЭЭ
Биднийг ороход Монголжин унтаж байсан тул сэрээхийг түвдсэнгүй. Тийнхүү бид монголчууд гурван саяулаа болсон тэр өдрийн тухай хөөрөлдлөө. Г.Аззаяаг жирэмсэн үед хянаж байсан эмч нь хамгийн сүүлд үзээд, “Төрөх арай л болоогүй байна. Нэгдүгээр сарын 31-нд дахин ирж үзүүлээрэй” гэжээ. Гэтэл 23-ны оройноос нуруу, бөөрөөр нь өвдөж эхэлсэн байна. Тэгээд шөнө хоёр цагийн үед бүр хүчтэй өвдөхөөр нь түргэн дуудаж, амаржих газарт хүргэгджээ. Энэ хооронд Хатанболд хоёр талын гэр бүлийнхэн рүүгээ мэдэгдэн, бүгд үүдний өрөөнд тав, зургаан цаг түгшин хүлээсэн гэдэг. Тэгэх зуур эхнэр дээрээ орж уулзах гэж хэд хэдэн удаа оролдоод эмнэлгийнхэнд зад загнуулсан тухайгаа тэр дурсан ярилаа.
Гэтэл “Аззаяагийн гэр бүлээс хүн байна уу. Нэгдүгээр сарын 24-ний 08.27.25 цагт 3.5 кг жинтэй, 50 см өндөр охин төрлөө” гэдэг мэдээг сонсоод бүгд баярлалдан, Хатанболд шөл хийж ирэхээр гадагш яаран гарахад өөдөөс нь өвлийн тэсгим агаар тасхийтэл ороолгоод, тийм гэхийн аргагүй дотоод цочоог нь нэг мөсөн тайлах шиг болсон гэнэ. Харин Аззаяагийн хувьд улаан нялзрай охиныг нь хэвлий дээр нь тавьтал часхийн уйлахад өөрийн мэдэлгүй дагаад уйлсан тухайгаа нуусангүй.
“Би багадаа ижийгээ алдаж, охин дүүтэйгээ, аавтайгаа гурвуулаа амьдарсаар өдий хүрсэн. Манай хүн бас л хар багадаа ижийгээ ослоор алдсан учраас бидний аль аль нь хагацал, зовлонг сайн мэднэ. Энэ мэт янз бүрийн зүйл бодогдоод, бүсгүй хүн ээж болохоороо сэтгэл нь нялхарч уярдаг юм билээ” хэмээн тэр ярилаа. Тэгээд бас охиноо харахсан гэж тэсэн ядан байгаа нөхөртөө хүүхдийнхээ зургийг утсаар авч, өдөр шөл авчрахад нь сувилагчаар түүнийгээ өгүүлснээ ч хуучлав.
Хатанболдоос “Охиноо анх харахад хэнтэй нь илүү адилхан байв” гэхэд “Надтай адилхан байсан. Хамар нь бүр ч адилхан. Нүд нь бас намайг дуурайсан” гээд инээв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЯПОНООС ЯРИХААР НЬ...
Гурав хоногийн дараа амаржих газраас гарсан эх, охин хоёрын бие сайн, ээжийн оронд ээж болсон хоёр талын эмээ нь, Азаагийн төрсөн дүү шинэ хүнийг нь асарч тойлох ажилд тусалж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байв. Охиндоо Х.Сэлэнгэ гэдэг нэр хайрлаж, бичиг баримтыг нь хөөцөлдөхөөр аав нь гадуур гарсан нэг өглөө Азаагийн утас дуугарч, аймгийн Засаг дарга Б.Бадраа ярьжээ. “Японоос Засаг дарга нь ярьж байна. Танай охин Монголын гурван сая дахь иргэнээр тодорсон байна, баяр хүргэе” гэдэг үгийг Азаа аав Ганбаттайгаа хамт байхдаа сонсоод, их гайхжээ.

Харин Хатанболдыг бичиг баримт хөөцөлдөж явахад бүртгэлийн ажилтнууд “Хэлчих үү, яах уу” хэмээн жиг жуг гэлцээд байхаар нь гайхасхийгээд өнгөрч. Тэгээд гэртээ иртэл орон нутгийн телевиз, радиогийнхон ирчихсэн, гурван сая дахь иргэний ааваас яриа авна гээд тал талаас нь бажгадуулсан гэдэг. “Телевизээр л хардаг сэтгүүлчид манай гэрт ирээд, биднээс ярилцлага авч байна гэхээр итгэж өгөхгүй их сонин байсан. Юу ярихаа ч мэдэхгүй хөглөсөн. Ер нь тэр үед юу болоод байгааг ч сайн ойлгоогүй. Тэгээд Ерөнхийлөгч Элбэгдоржийг утсаар ярихад л итгэсэн” хэмээн Хатанболд ярилаа.
ЭМЭЭГИЙН БЭЛЭГЛЭСЭН ӨӨДӨСХӨН БАРИВЧ ХАМГИЙН ҮНЭТЭЙ
Гурван сая дахь иргэнд энд тэндээс олон бэлэг сэлт цуглажээ. Тэр дундаас өндөр эмээгийнх нь бэлэглэсэн өөдөсхөн баривч Аззаяагийн сэтгэлийг их хөдөлгөсөн гэнэ. Одоо дөнгөж 22 настай, гэнэн томоогүй загнасан ч өөлөхөөс хайран цэл залуухан хос маань нэлээд хэрсүү юм. Төр засаг, компани, аж ахуйн нэгж, хамаатан саднаас нь Монголжинд өгсөн мөнгийг тэд аль болохоор тоо ёсоор нь өөрийнх нь дансанд хадгалахыг хичээдэг гэнэ.
Охинд нь ийм сайхан байр бэлэглэсэн аймгийн удирдлагууддаа маш их талархаж явдгаа, бас Монголжинг ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн хүн болгож хүмүүжүүлэхээ илэрхийлснийг нь уламжилъя. АПУ-гийнхан гэхэд л Монголжин охинд “Сайн” тараг, “Маамуу” сүү брэндийг нь зургаан жилийн турш хэрэглэх эрх олгосон аж. Саяхнаас охины хүнс Улаанбаатараас хүргэгдэж эхэлсэн бөгөөд одоо бага багаар тараг уудаг болжээ.
МАШИНАА ХОТОД ХАЯАД ОХИН РУУГАА ЯАРСАН ААВ
Биднийг ийн ярилцаж байх зуур Монголжин сэрснээ зарлаж, цаад өрөөнөөс уйлагнав. Мантайсан цагаан царайтай, өтгөн ширүүн, бор шаргал үстэй, давхраатай алаг нүдтэй, онгироо гэж жигтэйхэн “муухай” амьтан ээжээрээ тэврүүлсээр гарч ирлээ. Гэдэс нь цатгалан бол хэвтэж л байдаг гэдгийг нь батлах гэсэн шиг өтгөн үс нь байдгаараа дээшээ босчихож. Яаж ч боогоод, эмэгтэй хүүхдийн үсний даруулга зүүгээд ч эвэнд ордоггүй “зөрүүд” үс нь мөн л аавыгаа дуурайсан гэж Азаа хошигнов. Бас ойрд зөрүүд ааш их сураад байгаа гэж “ховлов”. Харин Монголжин энэ үед зурагтыг тун анхааралтай ширтсээр байлаа.
Охины жин сар болгон хэдэн кг-аар нэмэгдэж байгаа, өндрөөшөө яаж өсөж буйг гаргаахгүй хэлснээс харж байхад Хатанболд халамжтай аав бололтой. Гурван сарын турш хүүхдийн даавуу угаасан түүнийг хэн муу аав гэх вэ дээ. Сүүлд хот руу том машинаар ачаа ачиж яваад, буцах гэтэл ачаа олдохгүй долоо хоножээ. Тэгэхээр нь охин руугаа яарсандаа машинаа хотод орхичихоод, замын унаагаар шууд нутаг руугаа гараад талийсан гэнэ. Тэрбээр есдүгээр ангиа төгсөөд, Сулинхээрийн заставт цэргийн алба амжилттай хааж, тэндээ үлдэх боломж байсан ч удам дагасан жолоочоороо үлдэх сонирхолдоо хөтлөгдөн , Даланзадгадад буцаж иржээ.
Хэрэв тэгээгүй бол Аззаяатай танилцахгүй байх байлаа. Тэгвэл гурван сая дахь хүүхдийн аав, ижий ч болохгүй байлаа. Хувь тaвилан мэргэн учраас хүнийг яаж ийгээд байх ёстой газар нь авчирдаг гэдэг үнэн аж. Хатанболд цаашид ч нутагтаа машинаа барьж, амьдралаа залгуулах энгийн хүсэлтэй. Харин Аззаяагийн хувьд үсчин, гоо сайханч мэргэжилтэй ч охиноо цэцэрлэгт орохоор өөр зүйл хийхээр төлөвлөсөн гэнэ. Гэхдээ тэр нь одоохондоо нууц.
Л.ГАНЧИМЭГ