Дархан-Уул аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат нарын аймгийн удирдлагууд гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ууганцэцэг, Дархан сумын 16 дугаар багийн өндөр настан Л.Хорлоо, Б.Ючин, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Ханипа, ахмад багш Д.Цэрэнмягмар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Дархан сумын Тавдугаар Цэцэрлэгийн нягтлан бодогч В.Борхүү, наймдугаар багийн иргэн Ч.Дулмаа, аймгийн ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Наранцэцэг, УБТЗ-ын Зүүн Хараа худалдааны ангийн Салхит хэсгийн худалдагч, нярав Б.Наранцэцэг Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн математикийн багш Б.Энхжаргал нар шагнууллаа.
Шагнал гардуулны дараа аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хэлэхдээ:-“Та бүхэн Дархан хотын хөгжил цэцэглэлтэд өөрийн чин сэтгэл зүтгэлээ зориулж ажилласныг төр, засаг өндрөөр үнэлж энэхүү шагналаар шагналаа. Энэ бол та бүхний он удаан жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийн чинь гэрч баталгаа юм. Та бүхэнд эх үрсийн баярын мэндийг өргөн дэвшүүлж цаашдын ажил амьдралд чинь сайн бүхнийг хүсэн ерөөе” гэв.