Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Дархан-2015 спортын их наадам” Дархан хотод үргэлжилж байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог уг наадамд тус системийн бүх 21 аймаг, нийслэлийн 30 гаруй байгууллагын 800 гаруй тамирчид спортын таван төрлөөр өрсөлдөж байна.
Энэ удаагийн спортын их наадмыг Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн 50 жил, Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 25 жил, Эрдэнэт, Булганы эрчим хүчний 35 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байгаа юм байна. ДСЦТС ХК-ийн дэд захирал Б.Батжаргал:-“Энэ тэмцээн нь 10 жилийн өмнө буюу 2005 онд Дархан хотод бас зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн хувьд олон баг оролцсон их сайхан тэмцээн болж байна. Дархан хотын спортын бүх заалуудад хуваагдаад тэмцээнээ нэгэн зэрэг төрөл тус бүрээр нь явуулж байна. Манай компани нь аймгийн Спортын ордон, Дарханы Дулааны Сүлжээ компанийн Спорт зааланд болж байгаа тэмцээний зохион байгуулагчаар нь ажиллаж байна. Багаар өрсөлдөх тэмцээн томоохон таван зааланд явагдаж байгаа бол шатар, теннис, биллиарьдын тэмцээнүүд өөр заалуудад нэгэн зэрэг явагдаж их өргөн хүрээний том наадам болж байна” гэв.