Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Хүүхдийн баяр” арга хэмжээ Их Эзэн Чингисийн талбайд үргэлжилж байна. Жил бүрийн хүүхдийн баяраар бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол их гардаг байна.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Саруултуяа, “Хүүхдийн баярын өдрөөр цагдаагийн 500 гаруй алба хаагч Их Эзэн Чингисийн талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн болон дүүргүүдийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй газруудад ажиллаж байна. Их Эзэн Чингисийн талбайд Хүүхдийн баяр арга хэмжээ эхэлснээс хойш нийт 8 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Эдгээр хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс нийслэлийн есөн дүүрэгт таван хүүхэд төөсрнийг олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн. Өнгөрсөн онд Хүүхдийн баяраар 40 гаруй хүүхэд төөрсөн. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Түүнчлэн хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халаасны хулгайн хэрэг гарах нь нэмэгдэж байна. Тиймээс иргэд хөл өхөлгөөн ихтэй газраар зорчих бол эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэх хэрэгтэй” гэлээ.