Аавынхаа мөрөн дээр сууж, ээжээсээ хөтөлсөн бяцхан үрс Чингисийн талбайд цугларчээ. Тэдний нүүрэнд баярын мишээл тодорно. Ерөөс тэд энэ өдрийг бүтэн жилийн турш хүлээсэн нь илт. Хүн бүр хүүхэд байсан. Энэ цаг хугацааг бид тойрч биш дайрч өнгөрсөн. Гэхдээ бид яаж баярлаж, хэрхэн том болохоор тэмүүлснээ, бас юу хүсэж мөрөөдөж байснаа хором хормоор өөрсдөө ч мэдэлгүй мартсаар байгаа. Харин энэ өдрийг санадаг, сануулдаг, бас хүүхдээ баярлуулах гэж хичээдэг, тэдэндээ цаг гаргадаг ганц өдөр нь техник технологи хөгжиж, хүн хүнээрээ байхаа больсон энэ нийгэмд зөвхөн зургадугаар сарын 1 болоод хувирчихаж. Уг нь хүүхэд бүхэн ганц энэ өдөр бус жилийн 365 хоногт инээж байх учиртай. Мөн энэ өдрийг хүүхдүүдээ атгахан чихэр, амттанаар хуурах бус тэдний эрхийг хамгаалахад чиглүүлэх цаг хэдийнэ болсон. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн баяр өчигдөр тохиож, Чингисийн талбайд багачууд баяраа тэмдэглэв. Баярын нээлт 11.00 цагт эхлэх байсан ч 10.00 цагийн үед хүүхдүүд хэдийнэ цугларчээ.
Хүүхдийн баярын үйл ажиллагаа товлосон цагтаа эхэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ жилээс хүүхдийн баярыг найрал дуугаар эхлүүлж байхаар шийдсэн. Дараа дараа жилийн баярын нээлт найрал дуугаар эхэлдэг уламжлалыг ийн тогтоолоо. Та бүхэн үзээгүй тоглолтоо үзэж, сайхан баярлана гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хүүхдүүд та бүхний дунд ирээдүйн УИХ-ын гишүүн, эмч, багш, эрдэмтэн мэргэд, засварчин, токарьчин, барилгачин гээд бүх мэргэжлийн хүмүүс байгаа. Та нар ямар ч мэргэжилтэй болж болно. Гэхдээ сайн хүн болж өсөөрэй. Бенжамин Франклин амьдралдаа хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, биелүүлэхэд нь 130 жил шаардлагатай болсон гэдэг. Гэхдээ тэр энэ бүгдээ 65 насандаа хийж амжуулсан байдаг. Тиймээс хүүхэд бүр амьдралдаа хийх зүйлсээ бичиж, түүнийгээ хамгийн богино хугацаанд бүтээгээрэй. Баяр баясгалантай, аз жаргалтай байгаа энэ уур амьсгалаа ирэх жилийн хүүхдийн баяр хүртэл хадгалж яваарай” гэсэн юм. Нуршилгүй, цөөн үгээр хүүхдүүдэд баярын мэнд хүргэсэн нь олон хүнд таалагдсан ч 1000 хүүхэд дуулсан найрал дуу хэт удаан үргэлжилсэн нь багачууд, эцэг, эхчүүдийг залхааж орхисон.
Зарим хүүхэд эвшээж, зарим нь ээж, аавтайгаа суудлаасаа босож, тайзны өмнө зассан цөөхөн суудал эзгүйрэв. Харин 500 хүүхдийн бий биелгээ явсан зочдыг эргэн суудалдаа залрахад хүргэсэн юм. Тайзны дэвсгэрийг ногоон өнгөөр чимсэн нь зун цагийг санагдуулсан ч ар талын хээ хуар нь дээхнэ үед айл бүрт байдаг байсан хээтэй эрээн улаан авдрыг санагдуулав. Диснейн болон Амилагийн найзуудыг хараад хүүхдүүд “Маша, Миша, Мики” хэмээн орилцгоож, зурагтаар л хардаг баатрууд нь дэргэд нь байгаад гайхацгааж байв. Мөн Чингисийн талбайг хүүхдүүдэд зориулан 12 жил, Жангарын зургаан баатраар чимжээ. Түүнчлэн “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын 500 гаруй алиалагч хүүхдүүдтэй зураг авахуулж, тэднийг хөгжөөн, баяр дээр нь баяр нэмсэн юм. Тэдний нэг АШУҮИС-ийн лицей 21 дүгээр сургуулийн сурагч Р.Доржпагма “Бид ангиараа баг болж хүүхдүүдийг баярлуулж байна. Өнгөрсөн жил бас алиалагч болсон. Тэр үед долоо хоног бэлдсэн. Харин энэ жил туршлагажиж, 2-3 өдөрт бэлдлээ. Хувцасныхаа загварыг өөрсдөө гаргаж, оёсон. Хүүхдүүдийн инээдийг харах хамгийн сайхан баяр” гэсэн юм.
Мөн энэ өдөр цагдаагийн 500 гаруй алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байв. Баярын үеэр Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Чингисийн талбайд хүүхэд төөрөх тохиолдол олон гардаг. 12.00 цагийн байдлаар л гэхэд хоёр хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласнаар, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Баярын өдөр хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлдэг нэг зүйл нь хог. Нийслэлийнхэн баяр тэмдэглэх гэсэн бус хогон “овоо” үүсгэдэг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Угтаа хүн бүхэн дор бүрнээ ухамсарлаж, хог хаяхгүй байхад л асуудал шийдэгдчихмээр. Гэвч хүмүүс идсэн зайрмагныхаа иш, чихэрнийхээ цаасыг хэнэг ч үгүй хаяж байна лээ. Харин түүнийг нь хэсэг залуус түүж явсан нь Өмнөговь айгийн Залуучуудын холбооныхон байв. Тэд хотоо, Чингисийн талбайгаа цэвэрхэн байлгахаар ийн хайрцаг барин, хог түүж явсан юм.
АЯЛГУУТ УСАН ОРГИЛУУР НЭЭЛЭЭ
Хүүхдийн баярыг тохиолдуулан болсон олон үйл ажиллагааны нэг нь аялгуут усан оргилуурын нээлт байв. Зайсан толгойн танктай хөшөөний дэргэд байрлах тус усан оргилуур хөгжмийн хэмнэлээр оргилж, өнгө өнгөөр гэрэлтдэг. Өдөр бүр 12.00-00.00 цагийн хооронд ажиллах аж. Өмнө нь энд иргэд ил задгай худалдаа эрхэлдэг, зам нь хагарч, хүн байтугай машин явахад ч хүндрэлтэй байжээ. Харин “Оюуны ундраа групп”-ийнхэн танктай хөшөө, эргэн тойрных нь зам талбайг өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулан, аялгуут усан оргилуур байгуулсан нь энэ. Мөн шорлог, хуушуур зардаг, ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, стандартад нийцсэн ажлын байртай болгож байгаа юм байна. Иргэд анх тус компанийг нийтийн эзэмшлийн газрыг хувьдаа авлаа гэж хардаж байсан бол өдгөө ийм сайхан тохижуулж өгсөнд ам сайтай байлаа. “Оюуны ундраа групп”-ийн Маркетингийн газрын захирал Б.Батхүү “Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор 1.6 тэрбум төгрөгөөр энэ хавийг тохижуулж, танктай хөшөөний талбайг бүрэн зассан. “Их Зайсан” цогцолбор ашиглалтад орохоор машины зогсоол, ногоон байгууламж бий болно” гэв.
400 ГАРУЙ БАГАЧУУД ЖАГСАВ
Хүүхдийн баярыг Чингисийн талбайгаас гадна дүүрэг бүрт зохион байгуулж байгаа. Баянгол дүүрэг л гэхэд “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн баярын жагсаал хийв. Үүнд 400 гаруй багачууд оролцож, “Улаанбаатар төмөр зам”-ын Дуу бүжгийн чуулгын урд талбайгаас “Улаанбаатар палас” хүртэл жагссан. Жагсаалд ерөнхий боловсролын сургуулийн бага болон ахлах ангийн сурагчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид, сургуулийн өмнөх боловсролын уран хөдөлгөөнт гимнастикчид, “Амилагийн найзууд” багт наадмын хүүхдүүд, ногоон гэрэл цагаан шугам тэмцээний оролцогчид болон үндэсний хувцсаараа гангарсан өхөөрдөм жаалууд оролцсон. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож, үлгэрийн баатруудтай хөгжилдөн, зургаа татуулж урлагийн тоглолт үзсэн юм.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ