Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, ус хүлээн авч, бохирыг нь бактераар задалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрч муудан нурахад бэлэн болсон талаар манай сонин мэдээлсэн. Цэвэрлэх байгууламжийг нэг өдөр ч зогсоох боломжгүй учраас засаж амжихгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Тиймээс өнөө маргаашгүй Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг хязгаарлах юм уу, эсвэл бохирыг цэвэрлэлгүйгээр шууд Туул голд нийлүүлж байж засах шаардлагатай байна гэж Ус, сувгийн удирдах газар (УСУГ)-аас мэдэгдэж байгаа. Энэ нь гурван хоногт 420.000 шоо метр бохир ус Туул голд асгана гэсэн үг. Энэ асуудлыг шийдэж, арга хэмжээ авсан, эсэхийг УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Н.Одхүүгээс тодруулахад “Бид цэвэрлэх байгууламжийг засахад шаардлагатай бэлтгэлээ бүрэн базаасан. Хотын удирдлагуудын шийдвэрийг хүлээж байна. Маргаашнаас (өнөөдөр) холбогдох шийдвэр гаргаж, арга хэмжээ авна гэж найдаж байгаа. Нэн даруй засахгүй л бол нэг удаа хүчтэй аадар ороход л тэсэхгүй” гэсэн юм.
Ч.ЗУЛ