Оюутнуудын сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилготой гадаад, дотоодын, хувь хүн, байгууллагын 10 гаруй тэтгэлэг МУИС-д байдаг аж. Эдгээрт жилд дунджаар 300 гаруй оюутан хамрагддаг байна. Гэвч тэтгэлэг бүрт өөр журам үйлчилдэг нь сонгон шалгаруулалтад хүндрэл учруулдаг байжээ.
Иймээс үүнийг нэг мөр болгох зорилгоор МУИС-ийн удирдлагууд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам баталжээ. Энэ талаар тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны Оюутны үйлчилгээний ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалаас тодруулахад “Журамд байгалийн ухааны хөтөлбөрөөр улсын олимпиадад амжилттай оролцсон МУИС-ийн элсэгч болон энэ чиглэлээр сайн суралцаж буй оюутнуудыг илүү дэмжихээр тусгасан.
Жил бүр МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 30, эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж, онцгой үр дүн гаргасан суралцагчид олгох Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлгийг 10 оюутанд өгөх бол докторын сургалтад сурч буй МУИС-ийн залуу багшид тэтгэлэг олгохоор боллоо” гэв.
Э.ЭРДЭНЭ