Өсвөр үеийн чөлөөт бөхийн “Asashoryu Cup-2015” олон улсын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнийг нээж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Миний нэрэмжит тэмцээнд хүрэлцэн ирсэн БНХАУ, Казахстан, ОХУ-ын өсвөрийн бөхчүүд, дасгалжуулагч нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, танай бөхийн холбоодод талархлаа илэрхийлье. Өсвөрийн бөхчүүд та нарыг хараад дөнгөж 16 настайдаа алс холын Япон улсад очиж сумо бөхийн спортод анх хөл тавьж байснаа дурсаж байна. Спорт гэдэг нөр их хөдөлмөр, спорт бол хүнийг өндөр алдар хүндэтгэлд хүргэдгийг сумо бөхийн Их аварга, Ёкүзона би сайн мэднэ. Иймд чөлөөт бөхийн спортыг сонгосон өсвөрийн хүүхдүүд та нарын дунд олон улсын тэмцээнийг уламжлал болгох бодлоо хэрэгжүүлж байгаад баяртай байна. Миний саналыг дэмжиж энэ тэмцээнийг 2015 оны календарьчилсан төлөвлөгөөндөө багтаасан ДБНХ-нд талархлаа илэрхийлье. Энэ тэмцээнээс хожмын алдар цуутай бөхчүүд төрж гарна гэдэгт би итгэж байна. “Токио - 2020” зуны олимпийн наадмын найдвар нь та нар. Тус тэмцээн наймдугаар сард болох Монгол туургатны хүүхдийн спортын наадам, есдүгээр сард болох Монголын спортын хүүхдийн Ү наадам, мөн ирэх сарын эхээр Энэтхэг улсын Нью-Дели хотод болох Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын сүүлчээр Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-д оролцох манай өсвөрийн бөхчүүдийн хувьд томоохон сорилго болох юм.” гэж онцлов.
Энэ тэмцээнд Налайх дүүрэг, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль”, “Арслан” клуб, БТСДуС-ийн өсвөрийн бөхчүүд бэлтгэл сайтай оролцож өндөр амжилт гарлаа. Казахстан улсын өсвөрийн охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жумабаев Мурат тэмцээний тухай сэтгэгдлээ ярихдаа “Тэмцээн зохион байгуулалт сайн боллоо. Манай тивд өсвөрийн үеийнхний олон улсын тэмцээн бараг байхгүй, иймд энэ тэмцээн жил уламжлал болно гэдгийг сонсоод их баяртай байгаа. Тивийн өсвөр үеийн АШТ дөхсөн учраас бид 8 бөхтэй ирсэн, ирэх жил бүх жинд хүүхдүүдээ авчирна” гэв.
“Asashoryu Cup-2015” тэмцээний аваргуудыг танилцуулж байна. Хөвгүүдийн 46 кг-д Э.Бямбадорж /Баянхонгор аймаг/, 54 кг-д М.Ананд /”Женко” клуб/, 63 кг-д Т.Тэргэл /БТСДуС/ 76 кг-д Ванг Киа Гианг /БНХАУ/, 100 кг-д М.Жамсрандорж /Төв аймаг/ нар Асашёорюү цомын анхны аваргууд боллоо. Охидын 38 кг-д Б.Бямбасүрэн /Налайх дүүрэг/, 43 кг-д Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/, 49 кг-д Б.Мөнхнар /”Алдар” спорт хороо/, 56 кг-д Г.Энхсувд /Налайх дүүрэг/, 65 кг-д Э.Даваанасан /Чингэлтэй дүүрэг/ тус тус аваргын алтан медалийн эздээр тодров.