Эх үрсийн баярын өдөр буюу өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 21 эхэд “Эхийн алдар” одон гардууллаа.
“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны иргэн Б.Нина, хоёрдугаар хорооны иргэн М.Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн З.Бахытгуль, Баянгол дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.Ундраа нарыг шагнав. “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Саруулбаясах, хоёрдугаар хорооны иргэн Б.Ариунтунгалаг, 26 дугаар хорооны иргэн Т.Оюунханд, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Сандуйжав, тавдугаар хорооны иргэн Х.Батцэцэг, Ж.Солонго, наймдугаар хорооны иргэн Н.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны иргэн Д.Эрдэнэтуяа, М.Дэлгэрсайхан, долдугаар хорооны иргэн А.Туул, нэгдүгээр хорооны иргэн Э.Хишигсайхан, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн З.Мягмарзаяа, 17 дугаар хорооны иргэн Ж.Булгансайхан, нэгдүгээр хорооны иргэн Д.Цэнджав, Налайх дүүргийн долдугаар хорооны иргэн Э.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны иргэн Г.Гүррагчаа, 32 дугаар хорооны иргэн Н.Эрдэнэбилэг нарыг шагнасан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эхийн алдар” одонгоор шагнуулсан эхч үүдэд хандаж “Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл, сургааль билиг бол монгол хүн бүрийн ямагт санаж явах учиртай судар юм. Бид ээжүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө улам их хичээж ажиллах болно. Монгол хүүхэд бүр аз жаргалтай өсөн өндийх ёстой” гэж хэлсэн юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонт Э.Хишигсайхан “Хүндтэй шагналыг Ерөнхийлөгчөөс гардаж авсандаа баярлаж байна.
Хүүхэд Монголын маань ирээдүй шүү дээ. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй, хайрлаж, хүндэлж чаддаг хүн болгож хүмүүжүүлнэ. Одоо дөрвөн хүүхэдтэй. Дахиж төрөх бодол бий. Эх орныхоо ирээдүйн төлөө оруулж байгаа хувь нэмэр минь энэ юм” гэж ярилаа.
Т.ЭНХБАТ