“JCI Улаанбаатар” төв салбар байгууллагаас тус байгууллагын 100 жил, НҮБ-ын 70 жилийн ойд зориулж “Амьдралыг тэтгэгч хөх дэлхий” төсөл хэрэгжүүлж, байгаль хамгаалах сэдвээр илтгэл хэлэлцүүлэх уралдаан зохион байгууллаа. Уралдааны үндэсний ялагч өнгөрсөн бямба гаригт тодорч, НҮБ-ын Европын төв байрны индэр дээрээс эх орноо төлөөлөн “Байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалахад миний оруулах хувь нэмэр” сэдвээр илтгэл тавих болжээ.
Түүнчлэн үндэсний ялагч болсон “Шинэ эрин” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Энхцацралт аравдугаар сард Токио, Женев, Парис хотоор долоо хоног аялах эрхтэй болсон байна. “Амьдралыг тэтгэгч хөх дэлхий” төслийг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд төгсгөлийн шатанд 23 дугаар сургуулийн сурагч Б.Халиунаа, МУИСийн оюутан А.Даваажаргал, Б.Түшигжаргал, Дархан-Уул аймгийн Мон-Турк сургуулийн Ц.Энхжин, “Сант”-ын О.Тэргэл нар шалгаран өрсөлдсөн аж.
С.СЭРГЭЛЭН