Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн ахмад, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан барьж буй орон сууцны барилгын ажил хөрөнгөгүйн улмаас зогсжээ. Дархан-Уул аймгийн төвд барьж байгаа орон сууцанд гэхэд л 85 ахмад захиалга өгч, урьдчилгаа 10 хувиа төлсөн юм байна. Энэ тухай сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт хэсэг сэтгүүлч Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг зорьсон юм. Улаанбаатараас гурван цаг гаруй давхиад зорьсон газартаа хүрлээ. Биднийг ДарханУул аймгийн “Сөгнөгөр хайрхан” хувьцаат компанийн ерөнхий захирал Т.Энхболд, тус аймгийн Ахмадын хороон дарга Д.Энхтайван болон байр захиалсан өндөр настнууд хүлээн авч уулзсан юм.
“Сөгнөгөр хайрхан” компани Дархан-Уул аймгийн төвд 60 болон 25, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 198 айлын 10 давхар хоёр орон сууц барих тусгай зөвшөөрөл 2013 онд авчээ. Тэгээд тус компанийн ерөнхий захирал Т.Энхболд ХААН банкнаас зээл хүсэхэд “Танай компанид газраас өөр барьцаа болох хөрөнгө алга. Ядаж 1-2 давхрыг нь барьчихвал зээл олгоё” гэсэн хариу өгсөн аж. Тэрбээр энэ тухай Аймгийн ахмадын хороогоор дамжуулан байр захиалах хүсэлтэй байгаа өндөр настнуудад хэлэхэд тэд урьдчилгаа 10 хувиа төлөөд тэр мөнгөөр барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн байна.
Ингээд таван давхар, 60 айлын орон сууцны шавыг өнгөрсөн онд тавьжээ. Ахмадууд ч бараг л маргааш нь байрандаа орчих мэт магнайгаа хагартал баярласан гэдэг. Барилгынхаа нэгдүгээр давхрыг барьж дуусгаад ХААН банкинд хандахад, “Эдийн засаг хямралтай байна. Зээл олгож чадахгүй” гэсэн хариу өгснөөр тэдний итгэл талаар болжээ.
Энэ тухай Ахмадын хороон дарга Д.Энхтайванаас цөөн асуултад хариулт авлаа.
Д.ЭНХТАЙВАН: ТӨРӨӨС БАТАЛГАА ГАРГАЖ ӨГВӨЛ БАНК ЗЭЭЛ ОЛГОНО ГЭСЭН
-Орон сууцанд захиалга өгсөн хэдэн хүн байгаа вэ?
-Орон нутагт амьдарч байгаа ахмадуудаа хямд үнээр орон сууцтай болгох гэсэн “Сөгнөгөр хайрхан” компанийн саналыг бид дэмжсэн. Нийт 85 ахмад захиалга өгсөн. 2013 онд Ахмадын хороо, байр захиалагч, өв залгамжлагч буюу байрны зээл төлөх үр хүүхэд, захиалагч компани гэсэн дөрвөн талын төлөөлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ахмадууд байрны урьдчилгаанд нийт 360 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр барилгын ажлаа эхлүүлсэн ч хөрөнгөгүй болоод зогсчихлоо. Барилгын ажил 30 хувьтай л байна. Уг нь энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан юм.
-Одоо хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм бол?
-“Барилгын санхүүжилтэд туслалцаа үзүүлээч” гэж холбогдох газруудад хүсэлт гаргасан ч нааштай хариу ирүүлээгүй. Энэ орон сууцанд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Төр засгаас баталгаа гаргаж өгвөл ХААН болон Худалдаа хөгжлийн банк зээл олгоно гэсэн.
-Орон нутгийн удирдлагуудаасаа санхүүжилт хүсэв үү?
-Барилгын ажлыг дэмжих зорилгоор төрөөс зургаан аймагт санхүүжилт өгөх шийдвэр гаргасан ч одоо болтол сураггүй байна. Уг нь төр засгаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр боловсруулж, барилгын салбараа дэмжиж байгаа шүү дээ. Энэ хүрээнд “Сөгнөгөр хайрхан” компани энэ ажлыг зоригтой эхлүүлсэн. Гэвч одоо төр засгаас л батлан даалт гаргаж өгөхгүй бол өөр найдлага алга. Орон нутгаас санхүүжүүлэх боломжгүй гэсэн.
Ахмадууд байр нь хурдан баригдаж дуусаасай хэмээн сүслэн залбирч, лам залж, ажил үйлс бүтээх ном хуруулж байв. Тэдний төлөөлөл, өндөр настан Т.Загиржаваас хэдэн өрөө байр захиалсныг асуухад, “Өвөө нь олон жил гэрт амьдарлаа. Одоо гэрээ буулгаж, барьж дийлэхээ больжээ. Үр хүүхдүүд маань ч орон сууцанд орохыг дэмжсэн. Хоёр өрөө байр захиалсан. 2014 онд байрны шав тавихад их баярлаж байлаа. Урьдчилгаа төлбөрт дөрвөн сая орчим төгрөг тушаасан. Үлдсэн мөнгийг нь гэрээний дагуу өв залгамжлагчтайгаа хамтран сар бүр төлөөд явах юм. Уг нь төрөөс батлан даалт гаргаад өгчихвөл дотоод, гадаадын банк зээл өгнө гэсэн гэнэ лээ. Жилээс жилд ахмадууд маань нэг хоёроороо хорогдсоор байна. Амьдад нь л баярлуулаасай гэж төрөөс хүсэх юм” гэв.
Барилгын захиалагч “Сөгнөгөр хайрхан” компанийн ерөнхий захирал Т.Энхболд Унгарын “Экзим” банкинд хандаж, зээл хүссэн аж. Тус банкнаас төрийн болон банкны батлан даалт гаргаад ирвэл зээл олгоход асуудалгүй гэсэн албан тоот ирүүлсэн юм байна. Энэ тухай Т.Энхболд захирлаас тодрууллаа.
Т.ЭНХБОЛД: ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ТӨРӨӨС ДЭМЖИНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
-Ахмадууд байрандаа хурдан орохыг хүсэж байна. Барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхийн тулд юу хийх вэ?
-ХААН банкнаас анх зээл олгоно гэсэн боловч эдийн засгийн хямралтай байна гээд өгөөгүй. Үүнээс болоод бидний ажил гацаанд ороод байна. Ахмадуудынхаа өгсөн урьдчилгаа мөнгөөр хийх ёстой ажлаа бүгдийг нь хийсэн. Унгарын “Экзим” банкинд хандахад төрөөсөө батлан даалт аваад ирвэл 100 хувь санхүүжүүлнэ гэсэн. Тиймээс орон нутагт анх удаа ахмадуудад зориулсан хямд өртөгтэй энэ орон сууцны барилгын ажлыг төрөөс дэмжиж, баталгаа гаргаж өгнө гэж итгэж байна. Энэ хүсэлтээ бид уламжилсан. Хэрэв энэ хөрөнгө маань шийдэгдчихвэл гурван бригад гаргаад ирэх арваннэгдүгээр сараас ахмадуудаа байранд нь оруулчихна.
-Дархан-Уулд орон сууц ямар үнэтэй байна. Танайхыг харьцангүй хямд учраас ахмадууд захиалга өгсөн гэсэн?
-Энд байрны ам метр талбайн үнэ 1.250.000- 1.300.000 төгрөг. Манай компанийн санал болгосон үнэ 1.100.000 төгрөг. Сэлэнгийн Сайхан сум буюу Хөтөл тосгонд цемент, шохой, төмөр бетон зэрэг барилгын бүхий л түүхий эд байгаа учраас хямд өртгөөр барилга барих боломжтой.
-Төрөөс баталгаа гаргаж өгвөл зээл авахад асуудалгүй гэсэн үг үү?
-Тийм. Заавал гадаадынх гэлтгүй Монголынхоо банкнаас зээл авбал бүр л сайн байна. Барилгын үйл явцаас шалтгаалан бага багаар зээл авч, тухай бүрт нь хүүтэй нь төлөөд явах чадамж бидэнд бий. Дархан-Уул аймгийн хэсэг ахмад ийнхүү байрандаа хэзээ орохоо ч мэдэхгүй сууна. Тэдний ганц найдвар төр засаг болжээ. Тиймээс төрөөс батлан даалт гаргаж өгөхийг хүсэж буйгаа дахин дахин уламжилсан юм.
Ч.БОЛОРТУЯА