Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт өвлийн улирлын турш цас ороогүй, хаврын эхэн саруудад хуурай салхи ихтэй байснаас газар хатаж, мал төллөхөд, тэвээрхэд бэрхшээл учрах төлөвтэй байсан. Тиймээс цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлж, 10 гаруй удаа зохион байгуулаад байна. Үүний үр дүнд таван сарын турш хур тунадастай байж, газрын гарц боломжийн хэмжээнд гараад байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх аргыг манай улс 2006 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.
Дэлхий нийтээр ашиглаж буй хамгийн дэвшилтэт энэ аргаар байгалиас орох тунадасны хэмжээг 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжтойг Дэлхийн цаг уурын байгууллага зөвлөсөн байдаг.
Уг арга хэмжээг Өвөрхангай аймагт 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэ хавар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх процесс бүрийг алдалгүй “ашиглаж” байсан учраас аймгийн нутаг дэвсгэрт хангалттай чийгийг өгөөд байгаа хэмээн холбогдох албанаас мэдээллээ.