УИХ-ын гишүүн Б.Наранхүү Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нутагтаа ажиллаж, мянга мянган хүүхдийг баярлуулаад ирлээ. Тэрбээр Сайнцагаан сумын 0-18 насны 5226 хүүхдэд, мөн Эрдэнэдалай сумын 1398 хүүхдэд гарын бэлгээ гардуулсан юм. Бэлгийн хувьд насны онцлогт нь тохируулан сонголт хийсэн байна. Тухайлбал, 0-6 насны бяцхан жаалуудад уут дүүрэн амттан бэлэглэсэн бол өсвөр насныханд бичил технологийн ертөнцөд хувьсгал хийж чадсан, “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобсын “Надтай хамт дэлхийг өөрчлөх үү?” номыг гардууллаа. Түүнчлэн бүх хүүхдэд 05.31-нээс 06.03-ны өдрийг дуустал хүүхдийн паркт үнэгүй тоглох эрхийн бичиг өгч, тус паркт гурван шинэ тоглоом бэлэглэхээ илэрхийлсэн юм.


Б.Наранхүү гишүүн эл өдрүүдэд нутгийнхаа бяцхан иргэдийг баярлуулахын зэрэгцээ дундговьчуудтайгаа хамт ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэж, сугалаагаар тодорсон 26 азтанд “Ямаха” маркийн мотоцикль бэлэглэлээ.