Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өнгөрсөн баасан гаригт “Өсвөр насны охид, хөвгүүд-Ирээдүйн баялаг бүтээгч” чуулган зохион байгууллаа. Энэ нь өсвөр үеийнхнийг мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой анхны чуулган гэдгээрээ онцлог. Тиймдээ ч ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, үүний тулд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгч байв. Чуулганы үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нараас гадна сурагчид ч мэргэжлээ хэрхэн зөв сонгож, улс, эх орондоо хэрэгтэй хүн болох талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Х.Ганбаатар энэ үеэр “Зөвхөн томчууд биш, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн бас эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах баялаг бүтээгчид юм” гэж тэмдэглэсэн юм. Чуулганы үеэр сурагчид технологийн хичээлийнхээ үеэр хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан байв. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээр дүүргийн ЗДТГ-аас сургуулиудад технологийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий танхим тохижуулж өгсөн нь бие даан бүтээл урлах боломж олгосноос гадна шинийг санаачлах урам зориг өгсөн гэж сурагчид хэлж байв. Үзэсгэлэнд тус дүүрэгт байрладаг ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчид бүтээлээ дэлгэсэн юм.