Дундговь аймаг “Цагаан алт” төслөө сэргээж, 11 суманд ноос боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13 бүлэг байгуулаад байна. Бүлэг бүрт ноос угаагч, сэмлэгч, оёдлын машин зэрэг 1.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, гишүүдийг нь сургалтад хамруулан, үйлдвэрлэлээ тогтвортой явуулах гэрээ байгуулсан аж.
Тэд ноос авах эргэлтийн хөрөнгөө өөрсдөө гаргаж, үйлдвэрлэлээ эхлүүлэх үүрэгтэй. Тогтвортой сайн ажилласан бүлэгт гар ажиллагаа хөнгөвчилсөн тоног төхөөрөмж өгөх болзолтой. Тус аймаг 2007 оноос “Цагаан алт” төсөл хэрэгжүүлэн, сум бүрт ноос боловсруулж, бүтээгдэхүүн хийх бүлэг байгуулж, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангасан юм байна.
150 гаруй хүнийг ажилтай болгосон энэ төслийн хүрээнд бүлэг бүр өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч түүнийгээ борлуулж чадаагүйгээс хаалгаа барьсан аж. Тэрхүү алдаагаа энэ удаа давтахгүйн тулд борлуулалтын цэг байгуулахаар төлөвлөжээ.
Б.БАЯСАЛМАА