Манай арилжааны банкнуудын картаар үйлчилдэг пос терминал машин ашиглан гадаадын иргэд луйвар хийж байсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн мөрдөн байцаах байгууллагад шилжүүлээд байна. 2014 онд ийм машин ашиглан 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют гадаадын иргэдийн данснаас луйвардахыг завдсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлэн, карт эзэмшигч, тэдний харилцагч банкуудыг хохиролгүй болгож байжээ.
Энэ он гарсаар хятадууд манай иргэдтэй хамтран 536 сая төгрөг авахаар хандалт хийсэн тохиолдлыг цагдаа нар илрүүлсэн аж. Түүний 166 сая нь пос терминал машин эзэмшигч байгууллагын дансанд орж иржээ. Цагдаагийнхан уг гүйлгээг гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоон, арилжааны банкныхантай хамтран мөнгийг нь царцааж, сэжигтнүүдийг саатуулан, эд мөрийн баримт болгон картууд, пос терминал машин, картын бэлдэцийг нь хураасан гэнэ.
Уг картын залилангийн хэргийг БНХАУ-ын иргэдээр толгойлуулсан хоёр бүлэг үйлдсэн нь тодорхой болжээ. Тухайлбал, тус улсын харьяат Л, Ю, Ф, М нар манай улсын хувь хүн болон аж ахуйн нэгжийнхэнтэй хамтран дээрх 166 саяын 130-ийг нь авах гэж байсан аж. Тэд 60 сая төгрөгийг нь өөрсдийнхөө дансанд шилжүүлж, гарын үсэг зурж авахад бэлэн болоод байсан гэнэ. Харин 30 сая төгрөгийг авах гэсэн БНХАУ-ын хоёр иргэнийг саяхан илрүүлэн дөнгөж мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн талаар эх сурвалжууд хэллээ.
Картын залилангийн ийм хэрэг үйлддэг луйварчид буурай хөгжилтэй орнуудын арилжааны банк, түүнтэй харилцагч байгууллагуудыг онилдог бөгөөд харин хохирогчид нь ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудын зээлийн карт эзэмшигч иргэд, харилцагч банкууд байдаг аж. Карт эзэмшигч иргэдийн мэдээллийг хакерууд тодорхой хэмжээгээр үнэлж, энэ төрлийн залилан хийдэг хүмүүст худалддаг, худалдаж авсан хүмүүсийнх нь гар хөл бологчид манай улсад мэдээлэл бүхий мөнгөний картын бэлдэцтэй орж ирээд мөнгийг нь луйвардаад гардаг байна.
Дээрх хятадуудын луйврын хэрэгт манай зургаан аж ахуйн нэгжийн удирдлага, санхүүгийн албаныхан холбогдоод буй гэсэн.
Г.РАВЖАА