Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” энэ сарын 6-нд болно. “Улаанбаатар марафон-2015”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Тэгснээр нийтийн тээврийн нийт 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байна. Гол гудамж замууд хаагдах үед буюу энэ сарын 6-нд “Автомашингүй өдөр” арга хэмжээ мөн зохиогдох бөгөөд уг өдрийн чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун дөрвөн зам, Нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.