Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх III ээлжийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард болсон. Гэтэл дээрх сонгон шалгаруулалтаар 0.05 га газар өмчлөх эрхтэй болсон ч тогтоосон хугацаанд үүнийгээ баталгаажуулаагүй 2544 иргэн байгаа аж. Энэ талаар нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.
-Газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй иргэн олон байгаа нь ямар учиртай юм бол. Өмнөх хоёр шалгаруулалтаар ийм зүйл гарч байв уу?
-Өмнөх хоёр удаагийн сонгон шалгаруулалтад нийтдээ 500-гаад хүн л газраа өмчлөх эрхээ баталгаажуулаагүй. Харин энэ удаа харьцангуй олон буюу 2544 иргэн тогтоосон хугацаанд эрхээ баталгаажуулаагүй учраас бүртгэлийн хугацааг сунгаж, зургадугаар сарын 5 буюу энэ долоо хоногийн баасан гариг хүртэл хойшлууллаа. Ямар нэгэн шалтгаанаар газар өмчлөх эрхээ баталгаажуулж амжаагүй иргэд энэ хугацаанд багтаж, харьяа дүүргийнхээ газрын албанд бүртгүүлээрэй. Энэ удаа дахиад хоцорвол тухайн нэгж талбайг дараагийн ээлжийн сонгон шалгаруулалтад оруулна гэдгийг анхааруулъя. III ээлжийн сонгон шалгаруулалтаар нийтдээ 11040 иргэн газар өмчлөх эрхтэй болсон.
-Зарим хүн газрынхаа байршлыг хэтэрхий хол байна, дээрээс нь ус, цахилгаан, зам гээд дэд бүтцийг нь шийдээгүй гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнээс болоод иргэд хойрго хандаад байгаа юм болов уу?
-Тиймэрхүү хандлага мэр сэр байгаа. Гэхдээ цахимаар газар өмчилсөн иргэдийг заавал одоо тэндээ очоод амьдар гэж шахаагүй. Та нэгэнт сонгогдсон бол газрынхаа гэрчилгээг аваад, хадгалчих. Ирээдүйд асар их хэрэгтэй юм шүү. Нийслэлээс иргэдээ газартай болгох, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнэтэй байлгахыг зорьж байгаа. Таны нэр дээр өмчлөгдөж буй 0.05 га газар гэдэг бол Засгийн газраас тогтоосон журмын дагуу 9.2 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө. Наад зах нь та газрынхаа гэрчилгээг банкинд барьцаалаад, зээл авч болно. Цаашлаад газраа дуудлага худалдаанд оруулж, хэд дахин үнэ хүргэх ч боломжтой. Газрын биржээр дамжуулан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг дуудлагаар худалдаж, илүү их үнэд хүргэхээр нийслэл шат дараатай олон ажил хийж байгаа. Тиймээс газар өмчлөх эрхээ хугацаандаа баталгаажуулаарай.