Дэлхийн ихэнх метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах зорилгоор 2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандлаар чимэх болсон. Манай улсын жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй аж. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 ширхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна. Эхний ээлжинд Чингисийн талбай-д 500 ам талбайг цэцэрлэгжүүлэх ажил дуусаж байгаа бөгөөд цаашлаад нийслэлийн бүх авто замын шинэчилсэн уулзварын шороон арлуудыг цэцэгжүүлнэ. Нэг наст цэцэг тарихад нийслэлийн төсвөөс энэ онд 200 орчим сая төгрөг зарцуулах гэнэ.