Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн удирдах хорооны ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн II хороо, “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажилд эхний ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэн батлав. “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайд “Стандарт проперти” групп гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 28.2 га газарт 2590 айлын орон сууц ашиглалтад оруулах юм байна. Тэнд мөн 960 хүүхдийн сургууль, 540 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лабортори болон жижиг, дунд үйлдвэрийн барилга барихаар төлөвлөжээ. Дээрх инженерийн дэд бүтцийг барьж байгуулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 23.6 тэрбум төгрөг бол зураг төслийн ажилд 0.4 тэрбумыг зарцуулах төлөвлөгөө гарсан аж.
Эхний ээлжийн 260 айлын үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн тул энэ ондоо багтаад ашиглалтад оруулах юм байна. Уг барилгын инженерийн шугам сүлжээний ажилд 8.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас нэгдүгээр ээлжинд 4.1 тэрбумыг нь нийслэлийн төсвөөс гаргахаар Төслийн удирдах хорооны гишүүд шийдвэрлэлээ. Түүнчлэн хоёрдугаар ээлжийн барилгын зураг төсөл гарсан бөгөөд долдугаар сараас барилгын ажил эхэлж, ирэх оны хавар ашиглалтад оруулна гэдгээ “Стандарт проперти” группийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ хэлжээ.