“Талын салхи 2015-Улаанбаатар” олон улсын анхдугаар мото наадмыг энэ сарын 6-нд “Улаанбаатараас Хүй долоон худаг” гэсэн маршрутын хүрээнд зохион байгуулна.
Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Чопперчин ахан дүүс” ТББ, “Red Falcons” мото клуб болон Ямаха тотал байгууллага хамтран ажиллана. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр НЗДТГ ажиллах бөгөөд 10 гаруй мотоцикль сонирхогчдын клуб, холбоодын 400 гаруй хүн, гадаадын болон орон нутгийн 80 гаруй сонирхогчид оролцоно. Мөн үзэж сонирхох хөгжөөн дэмжигч 2000 орчим хүн оролцохоо мэдэгджээ.
Тус наадмын нээлт нийслэлийн Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолд болох бөгөөд тэндээсээ Чингисийн талбайг нар зөв тойроод төв замаараа чигээрээ Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэлцэн очих юм. Уг цогцолборт 300-400 мотоциклийн үзэсгэлэн гаргаж толилуулна. Мөн Шилдэг кастом, Хамгийн холоос ирсэн Герман, ОХУ, орон нутгийнхан, хүндэт зочин, фэнүүдийн тэмцээн, Драйфт мэндчилгээнүүд, мото уран жолоодлого, Мото Мисс, Мистер шалгаруулах тэмцээн, амьд хөгжмийн тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү наадамд Жонон хамтлаг, Харангын Лхагва, Хурд хамтлаг, Поп Наран, Уран нугаралт, бүжиг, цирк, Нисванис, Empire, Lord, Rec on, Click click boom зэрэг хамтлаг оролцож уран бүтээлээсээ сонирхуулах юм.