Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биен тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэхүү автомашингүй өдрийг дэлхий даяар жил бүр тэмдэгдэлэг уламжлалтай аж.
Учир нь зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байна. ДЭМБ-аас зам тээврийн ослоор жилд 186,300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд нас барж байгааг мэдээлсэн байна. Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд ийнхүү зам тээврийн осолд өртөж байгаа тухай мэргэжилтнүүд онцоллоо. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт У хүүхдүүд замын ойролцоо тоглож байгаад осолд ордог тухай ярисан юм.
Манай улсад гэхэд л 2010-2014 онд зам тээврийн осолд 14,151 хүүхэд өртсөн бөгөөд тэдгээр хүүхдүүдийн 4,147 тохиолдол буюу 29.3 хувь нь 0-6 нас, 7216 тохиолдол буюу 51 хувь нь 7-14 нас, 2788 тохиолдол буюу 19.7 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна.
Энэ жил Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр Эрүүл Мэнд, Спортын Яам Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв , Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, МУЗН МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна.
“Автомашингүй өдөр”-өөр чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун дөрвөн зам, нарны гүүрээр үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3, 4 хороолол" чиглэлийн үйлчилгээг зогсоох юм байна.
Автомашингүй өдрийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд:
Автомашины хөдөлгөөн хаасан замын хэсэгт явуулын хэмжилтийн автомашинаар орчны агаарт дөрвөн цэг дээр (Баруун, зүүн 4 зам, МУИС, Ялалт орчимд) хэмжилт хийх
Чингисийн талбайд зургаадугаар сарын 6-н өдөр зохион байгуулах ажлууд:
- Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ.
- Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах
- Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа
- Дугуйн парад 15:00 цагаас явагдана.
- Хийн дасгалын үзүүлбэр
- Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр
- Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас гарна
- “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт
- Дугуйн Экстрим спорт үзүүлбэр
- Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан
- Байгууллага, олон нийтийн парад
М.Болор