Сэлэнгэ аймгийн ахмад настны соёл, урлагийн их наадамд 167 ахмадууд урлагийн тоглолтоороо өрсөлджээ.
Аймгийн ахмад настны соёл урлагийн анхдугаар наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ оны дөрөв болон тавдугаар сард 17 сум, 6 тосгон тус бүрт амжилттай зохион байгуулагдсан юм. Энэ удаа хоёрдугаар шатанд оролцохоор сум бүрээс нийт 167 ахмадууд, 87 урлагийн үзүүлбэрээр өрсөлдлөө.
Наадмын үеэр аймгийн Ахмадын хорооны тэргүүн Р.Ганхуяг:-“2014 оны 09-р сард Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар 2015 онд аймагтаа анх удаа ахмад настны соёл урлагийн их наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ, Засаг дарга, бусад холбогдох газруудад танилцуулсны үндсэн дээр соёл урлагийн их наадмын үйл ажиллагаа Сүхбаатар суманд зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаа аймгийн Засаг даргын ивээл дор болж байгаагаараа онцлогтой юм. Манай ахмадууд дуусашгүй их авъяастай хүмүүс. Энэ ч утгаараа баярлаж, өөр хоорондоо уулзалдаж байгаад баяртай байна. Бидний үндсэн гол зорилго бол ахмадуудаа нийгмийн амьдралд татан оролцуулах, ганцаардлаас ангид байлгах, авъяас билгийг нь хадгалж, сэтгэл санааг нь өөд нь татах, нэгдсэн нэг хамт олныг бүрэлдүүлэн хуучин найз нөхөдтэй нь уулзуулах, залуу сайхан насыг нь дурсаж тэр үед нь аваачих юм” хэмээн ярилаа.