“Монгол, Японы аз жаргал нийгэмлэг” ТББ-аас энэ сарын 3-24-нд “Хөөрхөн жолооч” аяныг зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.
Осын шалтгааны 84 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарч байгаа учраас энэ аяныг зохион байгуулахаар шийдсэн аж. Түүнчлэн зам тээврийн ослоор жилд 350 хүн нас барж, эд материалын хохирол 2007-2011 онд гэхэд л 12,3 тэрбум төгрөгт хүрсэн тоо гарчээ. Замын хөдөлгөөний түгжрэлд жолоочийн соёл 70 хувь нөлөөлж байна гэсэн судалгааг Авто тээврийн удирдлагын төвөөс гаргажээ. Тухайлбал, урдуур орох, дайрах, үл хүндэтгэх, хажуу хоорондын зайгаа баримтлахгүй байх зэрэг зохисгүй үйлдлүүд их гарч байгааг онцолсон юм.
Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг харилцан хүндэтгэл, талархлаа “Дохионы хэлээр” илэрхийлж сурахыг хэвшүүлэх зорилготой уг аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аяны хүрээнд уриалж буй үйлдэл нь Уучлаарай гэвэл ослын зогсолтын дохиогоо хоёр удаа анивчуулах, Баярлалаа гэвэл, ослын зогсолтын дохиогоо гурвхн удаа анивчуулах санал гаргаж байгаа юм.