Оюуныг түгээгч уриатай Book.mn сайтын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэвлэлийн газрууд, уншигчдаасаа хоёр сарын турш хандиваар ном цуглуулан, ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт номын сан байгуулж өгчээ. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг хүнд өвчнөө түр ч атугай мартан, эмчилгээний бус цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслах, мэдлэг боловсрол олгох зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан аж. “Хүүхэд бүхэнд оюуны боловсрол хэрэгтэй” уриан дор явуулсан уг хандивын үеэр нийт 1100 ном цугларсан бол номын санг хүлээлгэн өгөх үеэр Батлан хамгаалахын их сургуулийн багш, оюутнууд 377 ном хандивлажээ.